ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: “Орано майнинг” компанийн Монгол дахь төлөөлөгч Оливиэр Түмир тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2024.09.10) хүлээн авч уулзан, Монгол Улсын Засгийн газар болон тус компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах ажлын явцын талаар санал солилцжээ.
Сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газраас энэхүү төслийн ажлыг урагшлуулахад онцгой анхаарч буйг дурдаад, цаашид талууд хууль эрх зүй, татвар, байгаль орчин, олборлолт, нөхөн сэргээлттэй холбогдох зарим чухал асуудлаар сайтар зөвшилцөж, харилцан ойлголцолд хүрнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн Төрийн айлчлалын үеэр талууд “Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээрийн Протокол”-д гарын үсэг зурсан бөгөөд айлчлалын дараа гэрээний заалтуудыг тохиролцож эхэлсэн юм. Гэрээний төслийн Монголын талын ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.