ХЭҮК: Эрүү шүүлт тулгасан, хэлмэгдүүлсэн гэх гомдол жилээс жилд нэмэгдэж байна

"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна. Хяналтын сонсголын эхэнд Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн ХЭҮК-ын дүгнэлтийг танилцууллаа.

Дүгнэлтэд

  • Комисст хорих анги, цагдан хорих төвүүдээс эрүү шүүлтэд өртсөн тухай гомдол, мэдээлэл тогтмол ирж байна. ХЭҮК-ын судалгаанд оролцсон хоригдлуудын 22,5 хувь нь ямар нэгэн байдлаар эрүү шүүлт, хүнлэг бус харилцаанд өртсөн гэж хариулжээ. Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах хандлага, үйлдэл таслан зогсоохгүй байсаар байна. Бие махбодод халдах хэлбэрээс сэтгэл санааг шаналган зовоох арга хэлбэрт хувьсан өөрчлөгдсөн байна гэж Комисс дүгнэж байна.
  • Төрийн нууц, гүйцэтгэх ажил, нууц мөрдөн шалгах ажилтай холбоотойгоор үйлдэж, хяналт тавих, нотлоход хүндрэлтэй болж байна. Эрүү шүүлтийн хохирогчид хохирлоо барагдуулах зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд төрийн маш олон шаталсан тогтолцоотой тулж дахин хохирч байна. Хорих ял эдлэх, баривчлах шийтгэл эдлэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор хорих анги, баривчлах төв болон хүний эрхийг хязгаарлах газруудад эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцах эрсдэл бодитойгоор нэмэгдсэн. Хорих ангиудын орчин нөхцөл НҮБ-ын хоригдолтой харьцах наад захын жишиг дүрэм, Насанд хүрээгүй хоригдогчдыг хамгаалах зарчимд нийцсэн байдлаар сайжрахгүй байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх хангагдахгүй байна.
  • Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гурван шатны шүүхээр шийдсэн, эрүүгийн хариуцлага хүлээсэн гэх байдлаар эрүү шүүлтэд өртсөн асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй тохиолдол байна.
  • Эрүү шүүлт тулгасан, хэлмэгдүүлсэн гэх Комисст ирэх гомдол мэдээлэл жилээс жилд нэмэгдэж байгааг анхаарч бодлогын хувьд шийдвэр гаргах нь зүйтэй. Шүүхэд итгэх олон нийтийн итгэл суларч, нийгэм талцалд хуваагдаж байна.
  • Стандартын шаардлага хангасан өрөө тасалгаагүй, байр хүртээмжгүй, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүнд албадан эмчлэх арга хэмжээг ижилхэн орчин нөхцөлд хэрэгжүүлж байгаа зэрэг нь эмчлүүлэгчийн эрхийг зөрчиж байна. Хорих ангиудад сэтгэцийн эмгэгтэй хүмүүс нэмэгдэж байгаа ч эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх явдал хангалтгүй байна.
  • Сүүлийн арван жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэний 242 нь зэвсэгт хүчинд, 217 нь хилийн цэрэгт, 9 нь дотоодын цэрэгт хамааралтай байна. Цэргийн алба хаагчдын дунд дүрмийн бус харьцаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил, хүний амь эрсдэх нөхцөл байдал гарсаар байгаа нь хүний эрхийн мэдлэг ойлголт хангалтгүй, хариуцлагын тогтолцоо сул байгаатай холбоотой.
  • Гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүнээс гэм буруугаа өөрөө нотлохыг шаардах, мэдүүлэг авахыг албадах хандлага гарсаар байна. ХЭҮК-оос хийсэн хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх үзлэг, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллээс үзэхэд тайлбар, мэдүүлэг авахад зориулсан тусгайлан бэлтгэсэн өрөө хүрэлцээгүй, камерын хяналт хангалтгүй, камерын дүрс бичлэгийг хадгалах, хамгаалах, хуулбарлан авах боломж хомс зэрэг нөхцөл түгээмэл байна. Хэрэгт холбогдсон хүнтэй уулзах, мэдүүлэг авах ажиллагааг ихэнх тохиолдолд мөрдөгч, эрүүгийн мөрдөгчид албан өрөөндөө хэрэгжүүлж байна.
  • Эрүү шүүлтийн хохирогчдыг үр нөлөөтэй хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, хохирогчдыг нөхөн сэргээхэд чиглэсэн эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд эргэн ороход дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчин дутмаг байгаагаас хохирлоо нөхөн төлүүлэхэд цаг хугацаа зарцуулах, процессын олон үе шатыг дамжих, ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулан авах явцад олон саад бэрхшээл тулгарч байгаа нь хохирогч дахин хохирох нөхцөл байдал үүсэж байна.
  • Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан нэгжийг байгуулах асуудал шийдвэрлэгдэхгүй байгаад Комисс шүүмжлэлтэй хандаж байна.
  • Бүх насаар хорих ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тусгай нэгжид эдлүүлж байгаа бөгөөд хоригдлууд хорих байранд болон чөлөөт цагаа өнгөрүүлэх, хоригдлын өдөр тутмын үйл ажиллагааны явцад хоорондоо харилцах ямар ч бололцоогүй, халуун усанд орох, агаарт гарах, эргэлт уулзалт авах, хөндлөнгийн эрх бүхий байгууллага, албан тушаалтантай уулзалт ярилцлага хийхдээ байнгын хатуу хяналттай (гар, хөлийн гавтай) байлгах, хоёр хоригдлын дунд нэг зурагт үзэх боломжтойгоор хорих байрны гадна хананд байрлуулсан хэдий ч техник хэрэгсэл, сургалтын материалууд цаг үеэсээ хоцорсон, бүх насаар хорих ялын онцлогт нийцүүлэн амьдрах орчин нөхцөлийг бэлтгэхэд бодлогын түвшинд орхигдуулж, шаардлагатай хөрөнгө оруулалт хийгдээгүй, 1-6 жилийн хугацаанд хоригдлоор ямар ч хөдөлмөр эрхлүүлээгүй байна хэмээн дүгнэлтэд дурджэж.