Ажиллах хүчний ердөө 3.5 хувийг гаднын иргэд бүрдүүлдэг ч атлаа ажлын байран дахь нас баралтын 13 хувийг эзэлж байгаа талаар “KoreaTimes” мэдээлжээ.
Аюулгүй байдлын талаар санаачилга үргэлжилж байгаа хэдий ч гадаад ажилчдын амь насыг хохироосон үйлдвэрлэлийн осол тогтмол өндөр хэвээр байгаа аж. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас гаргасан тайланд дурдсанаар, энэ оны хоёрдугаар улиралд Өмнөд Солонгост 287 ажилчин ажлын байрны ослоор нас баржээ. Тэдний 38 буюу 13.2 хувь нь гадаадын иргэн байжээ.
Салбараар нь авч үзвэл барилгын салбарт 138 хүн нас барсны 13 хувийг гадаад ажилчид эзэлж байна. Үйлдвэрлэлийн салбарт 67 хүн нас барсны 12 нь гадаадын иргэн (17.9 хувь) байна. Бусад салбарт 82 хүн нас барсны дотор гадаадын найман иргэн (9.8 хувь) бүртгэгдсэн байна.
Консерватив Ардын Хүчний Намын төлөөлөгч Ким Ви Сангийн энэ долоо хоногийн эхээр гаргасан Солонгосын Ажилчдын нөхөн олговор, халамжийн албаны мэдээллээс үзэхэд Солонгос иргэдийн ажлын байран дахь нас баралтын тоо 2020 онд 1415 байсан бол 2024 онд 1236 болж буурчээ. Харин цагаач ажилчдын нас барагсдын тоо бараг өөрчлөгдөөгүй хэвээр байна.
Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх хэлтсийн ерөнхий захирал Сон Пил Хун "Гадаадын ажилчин олноор ажилладаг салбар бол жижиг үйлдвэрлэл, барилгын талбай, хөдөө аж ахуй юм. Эдгээр ажлын байрны орчин нь аюултай учраас маш их аюулд өртөж байна" гэж өнгөрсөн мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд ярьжээ.
Ажлын байран дээрх ослыг бууруулахын тулд холбогдох яамдтай зөвлөлдөх байгууллага байгуулан “Хөдөлмөрийн аюулгүй байдлын цогц төлөвлөгөө”-г боловсруулж байна гэж тус яам мэдээлжээ.
"Бид өндөр эрсдэлтэй ажлын байрыг нягт нямбай хянаж, дэмжиж, ноцтой ослыг аль болох бууруулахын тулд чадах бүхнээ хийх болно" гэдгийг Сон онцолжээ.
Сэтгэгдэл үлдээх