ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 09-ний Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ УИХ-ын гишүүн Х.Баттулга Төгрөг нуурын ордыг зарсан гэх баримтуудыг дэлгэлээ.
Тэрбээр, "Өчигдөр Х.Баттулга хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн гэх мэдээлэлтэй байна. "Төгрөг нуурын ордыг минийх гэж нотолж чадах юм бол 100 хувь аваарай" гэх үгийг УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга гуай хэлсэн байна. Би нэг үгийг хариуцлагатайгаар хэлье. Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Та нотол гэсэн. Би нотолж байна. Надад нэгдүгээрт хөдөлшгүй нотлох баримтууд байна. Хоёрт албан ёсны баталгаатай эх сурвалжууд байна. Гуравдугаарт санхүүгийн болоод хуулийн мэргэжилтэнгүүдийн дүн шинжилгээ байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг үг бий.
Энэ материал дунд 2006 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга 90 хувийг нь, Я.Батсүх гэдэг иргэн 10 хувийг нь эзэмшиж байсан "Камекс" ХХК "Төгрөг нуур энержи" компанийн 100 хувь эзэмшдэг болохыг нотолсон баримт энд байна. Үүний дараа Х.Баттулга өөрийн охин Баттулгын Намуун, төрсөн эгч Халтмаагийн Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнасан, оффшороос оффшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан 250 сая ам.доллароор зарсныг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 00402 хувьцааны код бүхий Хонконгийн бирж дээр байгаа 507 нүүр баримт мэдээлэл энэ хайрцагт байна" хэмээсэн юм.