"Эрүүдэн шүүгч" Б.Хурц эрх чөлөөг эрхэмлэгч Тайваньд консул болох гэж байна

Олон улсад баривчлагдаж, Монгол Улсын гурван шатны шүүхээр гэмгүй иргэдийг эрүүдэн шүүсэн хэргээр ял авсан Батын Хурц Тайваньд консул болох гэж байна.


Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш гадаадад суух элчин сайд, консулуудын томилгоонд олны анхаарлыг татаж, тус албан тушаалд яригдаж буй нэрс ч иргэдийг ихээр бухимдуулаад байгаа юм. Үүний ээлжит нэгэн жишээ болж, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Тайваньд консулаар томилохоор болжээ.

Өнгөрөгч онд буюу 2024 онд болсон УИХ-ын сонгуульд тэрбээр намын жагсаалтаар, эсвэл Чингэлтэй дүүргээс нэр дэвших хүсэлтэй байсан ба ямар ч нам муу түүхтэй түүнийг нэр дэвшүүлж эрсдэл үүрэхийг хүсээгүй юм. Хэдий тийм ч Б.Хурцыг аливаа албан тушаалд томилох оролдлого, санаархал өнөө ч байсаар буй нь түүнд барьцаалагдсан улс төрчдийн хүсэл бас хясал гэлтэй.

2006 онд Европын холбооны нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас 2010 онд Их Британийн Онц Ноцтой, Зохион Байгуулалттай Гэмт Хэрэгтэй Тэмцэх Агентлагт баривчлагдаж байсан Б.Хурцыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсон даруйдаа суллуулж байсан түүхтэй. Мөн тэрбээр ТЕГ-ын даргаар ажиллаж байх үедээ бусдыг зохион байгуулалттайгаар эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдаж, Монгол Улсын гурван шатны шүүхээс 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн билээ. Ерөнхийлөгч асан Х.Баттулга Өмнөд Солонгост суух Элчин сайдаар Б.Хурцыг томилсон боловч Солонгосын тал удаа дараалан хүний эрхийг зөрчин, эрүүдэн шүүсэн гэмт хэрэгтнийг хүлээж авахаас татгалзаж байсан юм.

Өнгөрөгч оны сүүлээр Хонконгд суух Ерөнхий консулаар Үндсэн хуулийн цэцийн дарга асан, "өгзөг" Д.Одбаярыг томилсон шуугиан ч намжиж амжаагүй байна. Онгоцны үйлчлэгчийн биед халдаж, олон улсад "хөгөө дэлгэсэн" Д.Одбаярын тус томилгоог ч Хонконгийн талынхан ихэд дурамжхан хүлээн авсан гэдэг. Гэтэл хүний эрхийг эрхэмлэн хамгаалдаг Тайвань Улсад "эрүүдэн шүүгч", Англид баривчлагдсан түүх нь одоо ч гадаадын сайтуудад гараад ирэх Батын Хурцыг томилох гэж байгаа нь Монгол Улсын гадаад харилцааны бодлого, соёлыг муухай харагдуулж байна.

Өмнө нь Засгийн газрын хуралдаанаар гадаадад суух консулыг томилгоог хэлэлцдэг байсан бол Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар аливаа улсад суух консулыг шууд томилох эрх мэдлийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт олгосон байдаг.  Өөрөөр хэлбэл гадаадад суух бүх консулыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг томилох бөгөөд энэ бүх олон нийтийг бухимдуулсан томилгооны хариуцлагыг ч түүнтэй ярих ёстой юм. Уг нь Б.Батцэцэгт консулуудыг Монгол Улсын гадаад харилцааны бодлогын залгамж халааг хадгалах нөхцөлөөр томилж байхыг үүрэгдсэн ч Д.Одбаярыг томилж, Б.Хурцыг томилох гэж буй нь гадаад харилцааны бодлого битгий хэл, гадаад улс орнууд хүртэл гайхам явдал болоод байна.