Д.Амарбаясгалан Засгийн гишүүдэд “Араа шүдээ гаргавал бас чадах” тухай хэлэв

УИХ-ын дарга чуулганыхаа индэрт халмаг гэгч нь аргагүй хурлаа нэг удирдлаа. Үг яриа ээдрээд л. Ер нь л нэг тийм бяралхуу спикер байгаад байгаа. Ерөнхий сайд, гол хамтрагч нь асуудалд ноолуулан байхад Д.Амарбаясгаланд арз хүртэн байх эрх ашиг байгаа л юм болов уу даа. Өнгөрөгч долоо хоногт тэрбээр ҮХЦ-ээс ирүүлсэн, өөрийн нь хэлсэнчлэн “Мөнгөтэй, нэг хүнийг л сонгох бололцоо руу түлхсэн” дүгнэлтийг хэлэлцэх төлөвтэй байсан ч эс хэлэлцэв. Г.Баясгалан даргын ирүүлсэн тэр дүгнэлт Д.Амарбаясгалан спикерийн уцаарыг багагүй хүргэж, дарс таалж тайвширахад хүргэсэн юм биш байгаа. Спикерийн уурыг ер нь олон хүн хүргэж байх шиг байна. Засгийн газрын гишүүд бүр их хүргэж байна. Асуудлаа ярихад орж ирэхгүй байна, идэвхгүй байна, эднийг ер нь яасан ч яадаг юм гэсэн байдлаар хандаж байна гэж Засгийн газрын сайдуудыг бангадаад “Араа шүдээ гаргавал бас чадах” тухай хэлсэн.

Араа шүд нь Засгийн газрынхаа аминд хүрэх юм биш байгаа даа. Түүнийг Ерөнхий сайдыг огцруулах асуудлын цаана байна. С.Амарсайхантайгаа хамжиж байна гэсэн мэдээллүүд гарлаа. Хөдөө аж ахуйн сайд Ж.Энхбаяр бас нэг мэдэгдэл хийлээ. Гурилын импортын татварыг тэглэсэн Д.Амарбаясгалангийн сонгуулийн агуулгад үйлчилсэн хуулийг засах гээд чадсангүй, үндэсний эрх ашгаас УИХ-ын дарга урвалаа, Ерөнхийлөгчид байдлыг учирлаж танилцуулна гэсэн билээ. Тэгтэл спикерийн “радио”-уудын нэг, нэгэн гишүүн Ж.Энхбаярыг “аятайхан байгаарай, оруулж ирсэн хууль чинь хэдхэн луйварч гурилын үйлдвэрчдэд зориулагдсан монополь агуулгатай шүү” гэж мөн хэлсэн байна билээ. Энэ хүн бас “Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд бүх шатандаа авлигажсан” хэмээн бас нэгэнтээ мэдэгдсэн. Хэлж байгаа эдгээр үгс нь үнэхээр үнэн бол, энэ хүний хэлээд байгаа үндэслэлүүдийг шалгаад тогтоох учиртай. Ж.Энхбаяр үнэхээр эрх ашигт үйлчилээд байгаа юм уу, нэгдүгээр хүний хөтөлбөрүүд тийм будилаантай байгаа юм уу, тогтоох хэрэгтэй. Хэрэв түүний хэлсэнүүд үнэн ахул,  тэр хүн “радио” байсан ч, алдар нэртэй, эх оронч баатар болж, Их хуралд баяр бахдал болох жишиг үзүүлнэ.

Б.БАЯР

Сэтгэгдэл үлдээх