Дээд хүн О үсгийг өнхрүүлэх юм болов уу!

Сонин сонин л юмс ажиглагдаж байна. Л.Оюун-Эрдэнийг огцруулна гэсэн омгойтлыг тойроод. Ц.Даваасүрэн бол Ерөнхий сайдыг огцруулж үл болно гэж хэзээ ч ярьдаггүй хүн. Хэзээд л огцруулах болзол хангагдсан байна л гэж ярьж ирсэн хүн. Тэгж ч явсаар тав дахиа парламентэд сууж байгаа шазгар.

Гэтэл, мань хүн хэлж байна шүү. Л.Оюун-Эрдэнийг огцруулчихбал , бүр улайсан хулгайч гараад ирвэл яана гэх юм. Ц.Даваасүрэн ингэж болгоомжилж байна гэдэг чинь маш сонин гаргалгаа л даа. Тэр ихэнхийг нь хулгайч гэдгийг мэдээд байна. Тэр тусмаа Ерөнхий сайдад горилогчид дотор цэвэр хүн эс байна гэж хэлнэм бус уу даа. Л.Оюун-Эрдэнийг өмөөрөх Ц.Даваасүрэнгийн хандлага бол зургаа дахиа дэвших гэсэн хүний бус, зуурдаар намаа явуулчихгүй юмсан гэсэн хүн бодол байх.

МАН өөдөө гишгээтэй, өнгөтэй байх бол түүний хүсэл байх. Тавын таван удаа парламентэд сууж элдвээр хэлүүлж, зүсэн зүйлийг үзсэн энэ хүнд цаана нь өөр нэг хүсэл байгаа. Тэр бол Оюу толгой, “ОНТРЭ”-гийн асуудал. Оюу толгойг мөнхийн шүүмжилж, үүнийхээ төлөө жадлуулж ирсэн товаришуудын нэг бол Ц.Даваасүрэн.  Үүнээсээ үүдээд, Оюу толгойнхоныг нэг тултал мадлах, ялах хүсэл түүнд үргэлж ноцсоор ирсэн. Дарагдан дарагдан ирсэн энэ хүслийг нь одоо Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нар дэмнэх нь тод болоод ирсэн нь маш чухал байгаа юм. Гэрээ шинэчлэх замаар. Шинэ хэлцэл хийх ёстойн учраар.

Гэтэл тэд, ялангуяа “ОНТРЭ” одоо хэрхэн аяглаж байгааг хар даа. Оюутолгойтой л бид учраа олно. Монгол хамаагүй аятай авирлаж байна шүү дээ. Оюу толгой чигийн нэг захирал хүүхэн бидний явдал гэж яриад л. Монголын Засгийг яаж ч хараад байгаа юм, яаж ч дээрэлхэх гээд байгаа юм.

З.Энхболд хэлж байна бас. Ухаа худгийн асуудлыг Л.Оюун-Эрдэнээс өөр УИХ руу хандуулах хүн халх дөрөв, шавь тавд байхгүй ээ л гээд байна бус уу даа. Ингээд харахаар, энэхүү шазгарууд Л. Оюун-Эрдэнийг өмөөрөөд байна гэдэг чинь, түүнд сайндаа ч биш, нэг муу улсаа бодоод байгаа юм  харагдахгүй байна уу. Компанийн засаглал, бүлэглэлийн эрх ашиг Монгол дээр мордчихсон байгааг хэлээд л байгаа юм байна гэж үзэгдэхгүй байна гэж үү . Ухаа худаг, Оюу толгой, “ОНТРЭ”, овоолгууд, ордуудын хувь заяа Монголын зонд ээлтэй байхын, алдагдахгүй байхын эргүүлэг уяа болсон, чагтлал болсон Л.Оюун-Эрдэнэ хэнд түвэг учруулаад, өөрөө Тамгын газарт шүүлгэхээр болоод байгааг хүмүүс ойлгож л байгаа л даа. Монголдоо хэрэгтэй юм даа.

Л.Оюун-Эрдэнийн халуун суудал бөгсөндөө байхад, тэр суудлын бүлээн рүү тэмүүлэгсэд ямархуу олон байгаа нь энэ хэдэн өдөрт одноос олон болов. Дээд хүн өөр рүү нь яаж ялдам харах, таалан инээхийг урьсан их хүслүүд “Зэрэг нэмэхийн өмнө” дээрх өвгөн ноёны “Ингэж бараалхана даа” гэдгийн төгс төгөлдөр үлгэрийг үзүүлж, зүүд нойрондоо бараалхсаар, бас илүүлсээр. Дээд хүн олон хүнийг илж байна. Тэгж номхруулах, хүслийг хазаарлахаас аргагүй. Хэн Монголын төлөө байна, хэн өөрийн төлөө байна, яагаад эрх мэдэлд шунаад байгаа юм, авсанаа даах уу, хулуулсанаа барах уу гэх байдлаар олон олон Ерөнхийн хүсэлтэнүүдийг тэр дээд хүн тестлээсэй. Тэгэх ч хүслийн туухайтай эх оронч хүн дээ.  

Л.Оюун-Эрдэнэ гурван цаг ярилцсан гэсэн. Л.Оюун-Эрдэнээ өсгөсөний хувьд зовлон жаргалыг нь сонсоо л биз. Ойлгож ч байгаа биз. Тэгээд явж явж хэтдээ хэн нь Монголд хэрэгтэйг олон талаас нь эргэцүүлж л байгаа биз. Үүдээр нь эргэлдсэн өлөн сувдаг эрх мэдлийн донтнуудыг хөөж явуулчихад, удаанаар удаанаар бодсоор л суугаа  биз.

Ерөөс бүх зүйл Дээд хүнээс л хамаарч буйг ард түмэн нь харж байгааг мэдэхийн дээдээр мэдэж л байгаа. Баруун талаа харвал Бямба,За, Э, Амарууд, төрсөн түшсэн зүүн талаа харахаар У, ЖА , Э, одоодоо суудалдаа байгаа О гээд дугаарлаастай.

Гэхдээ сүүлчийн бахим том “О” үсгээ өнхрүүлчих одоодоо яг зөв үү, буруу юу, хэн хэтдээ буруутайгаар үлдэх бол гэдгийг нэн дэнслэх төрийн цэх ухаан, ноён нуруу түүнд буй билээ. Монголын эрх ашиг гэж ухарч болохгүй Хэнтийн нуруу шиг том даваа ард  ханхайж байдаг.

Б.БАЯР

Сэтгэгдэл үлдээх