Х.Булгантуяа бууж, Д.Цогтбаатар морилох уу!

Р.Гончигдорж М.Энхсайханыг буруушаав, М.Энхсайхан Р.Гончигдоржийг буруушаав ч билүү гарчигтай дээхний шар мэдээ байдаг. Аль ч агуулгаараа энгийн өгүүлбэр мэт боловч их онцгүй томъёололтой. Буруу “хөрвүүлж”  агуулга үзвэл тун ёозгүй. Тэр үед шар сонины гоо зүй, ёс зүй ийм л байсан. Харин өнөөдрийн Монгол дахь цахим орон зай дахь улс төрийн, улс төрч гэгдэгсдийн хэрүүлийн үгс гучаад жилийн дээрхээс ч долоон дор байна. Б.Пүрэвдоржийн хэл тагнайгаа тагшаад МАН-ынхны хулгайг шогширч байгаа бол үнэнийн үнэн.

Үнэн учраас ингэж Монголын ард түмний гуниг, бусад намынхны  элэг доог, бах тав болж байна. Шоронд хийнэ шүү л гэж нэгнээ хэлээд байгаа , МАН-ынхан. Тэр ч бүр тодорхой байна. Энэ их хулгайчид шоронд л байх ёстой нь худлаа огт биш. Хамгийн гол нь өөрсдийгөө гүтгээд байна гэдэг ганц үгтэй. Энэ гүтгээд байна гэдэг үг бол хэзээд үнэ цэнээ алдсан үг. Лав л Монголын улс төрд. Гол асуудалдаа ороё. Р.Гончигдорж дэмжээгүйг дэмжье гэдэг томъёолол Үндсэн хуулийн зөрчил болохгүй гэснээрээ маш олон хуульчийг бураашаав. Лавтайяа С.Нарангэрэл, Н. Лүндэндорж, Ж.Бямбадорж, Д.Лүндээжанцан энэ дөрвийг Үндсэн хууль зөрчиж байна гэсээр атал зөрчил болохгүй гэж хэлсэнээрээ Р.Гончигдорж буруушааж, буруутгалыг хийж байна. Г.Уянгахишиг гэдэг хууль тогтоогч охин нь бодвол Р.Гончигдорж аавынхаа буруушааж байгаатай ижил утгаар санал өгсөн юм байлгүй дээ. Эцэг охин хоёр нэг бодолтой байгаа биз. Юутай ч Р.Гончигдорж Г.Занданшатарыг огцруулсан томъёололыг зөвтгөх ахуйд Үндсэн Хуулийн Цэц дээр асуудлыг маргаан болгож хэлэлцэж эхэлсэн. Цэц даруй шийдвэрээ гаргах учиртай. Цэцийн шийдвэр зөрчсөн гэж гарвал УИХ-ыг даргалж, өнжин хонон спкерийн суудалд “тухалсан” Х.Булгантуяад бодьтой хуулийн хариуцлага нүүрлэх төлөвтэй. С.Бямбацогтын түүнд сануулсан хорих ял гэдэг нь биш гэхэд УИХ-ын гишүүний суудлаа алдах магадлал тун өндөр болох нь.

Тэр эмэгтэй ерөөс спикерийн суудал дээр Б.Пүрэвдоржийг суулгаж болохгүй гэсэн үүргийг авсан төдийгүй, дэмжээгүйг дэмжье гэдэг хачин томъёололоо улс төрийн башир мэх хийхийн төлөө бүх хүчээ дайчлахдаа улс орны хувь заяанд ямар сонин өөрчлөлт, амаргүй нөхцөл үүсгэж байгаагаа ухаарах сэтгэл байсан уу , үгүй юу гэж хэн хүнгүй асуумаар. Юутай Г.Занданшатарыг огцруулчихаад “Муухай юм боллоо” гэснийг нь нийт монголчуудаараа сонслоо. Муухайг мэдсээр байж хийнэ гэдэг бол ноцтой. Б. Энхбаяр тэсгэлгүй босоод буруутайгаа зөвшөөрлөө шүү гэж хэлж байгаа харагдана билээ. Ардчилсан намыг уран тоглолоо л гэж байна. Б. Пүрэвдорж хоёрын хоёр МАН-ын “овгорыг” нэг дор буулгалаа. Гайхалтай амжилт гэх маягийн юм ярина билээ. Энэ үг ч зохимжгүй үг. Төгс улс төртэй, төрөө эмхэлсэн, хөгжлөө цэгцэлсэн оронд бол улс төрийн ийм өрөг байж болдог байх.

Гэвч тогоо хязгаарладаг, утаандаа угаартсан манай улсад сөрөг улс төрийн намынхны энэ гайхуулал бараг тэнэглэлд тооцогдох юм. Монголын улс төрийн нэр хүнд унаж, тогтворгүй байдал нүүрлэх тусам Монголын нэр хүнд унана. Өнөөх бүхий л үзүүлэлт, хөрөнгө оруулалтаасаа эхлэн нольтсоор л байх болно шүү дээ. Б.Пүрэвдоржийн тагнай тагшиж хэлсэн, та нар яана даа, МАН-ын хулгайч нараа гэснийг бол бүх монголчууд таалж хүлээж авч байгаа байх. Таалах юу байхав үнэнд нь жигшиж хүлээж авч байгаа байх.  Хулгайчаар дүүрсэн МАН гэж харахаас аргагүй улс төрийн өдрүүдийг бид үзсээр, эцэн туйлдаж байна бус уу. Үнэндээ яасан ч их хулгайтай юм, яасан ч их ядар дорой оюун санаатай, шуналын бирд болсон улсыг монголчууд дээрээ залаа вэ. Гутамшигтай. Д.Амарбаясгалан нар Засгийн газраа, мөн өөрийгөө татаж унагасан энэ түүхээрээ Монголыг нэн муухай харагдууллаа. Энэ төгс үнэн. Ямраар ч сайнд хамааруулах утгагүй. Нүүрсний хулгайчид , тэднийг өмгөөлөгчид гэж Г.Занданшатарынхны хэлсэн, жагсаалтаар голдуу сонгогдсон Жасрайн зээ, М.Мандхай, Б.Баярбаатар, П.Сайнзориг нар үндэсний эрх ашигт бус, өөрсдийгөө тойглосон дарга нарт үйлчилсэн ядмагхан амьтад болохоо нотоллоо.

Тэдэнд дараагийн сонгууль, хэтийн улс төрийн замналд нь энэ үйл явдал муу дүн тавьж байна. Г.Занданшатарын Засгийн газарт ажилласан, сайдын суудал унахаас өөр шидгүй зургаа долоон сайд ч тэднээс ямар ч дээргүй. Нэг жишгийн л “амьтад”.  Монголын төр ингэж улдаж, ингэж ард түмэндээ жигшигдэх хэмжээнд иржээ. Өмхий гээд ялгадас гаргадаг сувгаа огтлоод хаядаггүйгээс хойш төр улс гээд байгуулсан, сонгосон энэ хүмүүс л одоо дахиад төрийг эмхэлж таарна. Тэгж чадахгүй бол УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах нь хамгийн онож мэдэх. Одоо байгаа УИХ-ын гишүүдийг бүгдийг нь солих хэрэгтэй харагдана. Энэ л нэг зөв юм ярилаа гэх хэн алга байна шүү дээ. Талцалдаа л үйлчилж байна. Өөр шид алга шүү дээ. Амь горь тавих болчихоод арга ядсан хүний үзүүлдэг гарын дохиог А.Ариунзаяа, С.Ганбаатар, М.Энхцэцэг нар инээчихсэн үзүүлээд сууж байгаа юм. Ард түмэн л чухамдаа амь дүйн амьдруулж байгаа Засагтаа сэтгэл унаад, тийм дохиог үзүүлмээр байгаа шүү.

Ийм олон агуулгаар Монголын төр унажээ. Сульджээ. Судлаач Д.Ганхуяг хэлсэн байна. Тэрбээр “Үйл явдлын өрнөлийг ажаад байхад төр, засгийн хямралд хамгийн их хутгалдсан хүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юм байна. Тэр энэ будлианд огт хамаагүй юм шиг тойрч, зугтах, загнах хоёрхон ажил хийж, гэмгүй царайлаад удаан явж болохгүй.  Хурдан ирээд энэ балиар будлианаа цэгцэл, эрх мэдэл нь түүнд байгаа. Мөн цэргээ жагсаагаад загнаж байгаа офицер шиг тэнэг зангаа тат...” гэж өгүүлжээ. Энэтхэгт айлчилж явахад нь хэлсэн бололтой. Түүний энэ хэлж байгаа үгийг улс төрийг гадарлагч хүн бүр хэлж, эчнээгээр хэлсээр байгаагаар нийгэмд ойлгогдож байгаа.  Одоо улс төрийн үйл явцыг харвал Ерөнхийлөгч УИХ-аас Засгийг огцруулсан шийдвэрт хориг тавих эрх нээлттэй. Ер нь тавих байх, судалж байгаа байх хэмээн Н.Энхбаяр ярилаа. Ер нь, тавихын нь урьтал ч юм шиг үг хэлж байна лээ. Дээд шүүхийн тайлбар гэж чухал зүйл байдаг. Нэг том засаглалын байр суурь. Гол нь ҮХЦ юу гэхээс бүх зүйл хамаарна. Хэрэв хууль зөрчсөн тогтоол УИХ гаргасан бол засаж таарна. Засна гэдэг нь Г.Занданшатарын танхим үлдэнэ гэх утга заана. Ийм ийм дүр зураг, өрнөл хүлээгдэж байна. Хуралдаа суудаггүй байсан Х.Баттулга хуралдаа гайхалтай ажил хэрэгч суун огцруулалцах ажлыг манлайллаа.

Түүнд зөвлүүлж асан Л. Оюун-Эрдэнийг хамгийн их хожигч гэж бичицгээж байна. Үгүй дээ, түүний хожлын яг нөгөө талд Монгол л хожигдсоор, улс төрийн хувьд “үхдэлшиж” байна бус уу. МАН-ын дарга гэгч ийм том, Монголын үнэгүйдлээс их том үнэтэй юм бол энэ намыг татах хэрэгтэй. Улс төрийн бүх намыг татан буулгаж, Д.Амарбаясгалан Г.Занданшатарыг татаад унаж байгаа шиг МАН бүх намаа татан унаад, бүгд шинээр бүртгүүлээсэй, бүгд хатуу гишүүнчлэлээ зогсоогоосой. Монгол ноёд үнэхээр улс төрийн эрх мэдлийн тийш хар тамхины  дон мэт донтой нь үнэн болохоор Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар нар УИХ-ын даргад яригдаж байна гэнэ. УИХ-ын даргаа түргэн сонгож томилох ёстой. Д.Цогтбаатар гэхээр Сү.Батболд , гурван үсэгтэй компаниуд л харагдах байх даа. Л.Мөнхбаатар бол ердөө дөнгөж саяхан хоёр агуулгаар хоёр удаа “огцруулагдсан” сайд шүү дээ. Ер нь бол Ардын намын Их хурал хүртэл асуудал явсаар л байх байх. Тэрний дараа Л.Энх-Амгалан, Н.Учрал гэдэг хүмүүсийн нэр идэвхийлнэ гэсэн ч салхин шуугиантай.

 

Б.ХАНТӨГӨЛДӨР

Сэтгэгдэл үлдээх