Н.Учралд хэн сайд болох нь огт сонин бус, харин хэн чадах, хэн улс орны чөдөр тушааг чөлөөлж чадах вэ гэдэг л...

 Ерөнхий сайд Н.Учрал хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэхийн дээдээр мэдэж байгаа нэг л зүйл бий. Тэр бол танхимаа хэрхэн бүрдүүлэхээ мэдэж байгаа нь. Цахимаар дүүрэн тэр сайд болно, энэ сайд болно, энэ нь энэнээсээ дээр гэх түүнд огтхон ч падлийгүй байгаа. Түүнд хамгийн падлийтай нь гацахгүй төр, огцрохгүй засаг, цэх хүчтэй хөл. Үүнийг Н.Учрал ус агаар шиг, түлш шатахуун, эрчим хүч тасарч тасалдаж болохгүй шиг мэдэж байгаа. Төрийн ажил тэгж тасалдалгүй явах ёстойн тухай Н.Учралд хэн ч заагаад хэрэггүй байх. Тэр хэлээд л байна. Үнэнийг хэлнэ, гашууныг амтлуулж эмнэх эр зоригтой шийдвэрүүд гаргаад явчихна гэдгээ хэлж байна. Ид шид, илбэ зэрэглээ үзүүлэхгүй,амлахгүй, попрохгүй. Яг өнөөгийн төрийн байгаа дээрээ илүү чадах, илүү урагшлах л зүтгэлд мэрнэ гэдгээ хэлээд байна. Тиймээс ч мега төслүүдийг арагш тавина, өнөөдрөөрөө, маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгийг баримтлах замаар явна гэдгээ ил тод хэлж байна.

Бүх Ерөнхий сайдууд тийм ч сайнд, ийм ч лутад хүргэнэ, чадна гэж гулгидаг. Үнэндээ энэ гулгидсаа долоож чадалгүй унадаг, огцордог нь үнэн юм. Тиймээс Н.Учрал бодьтой байхыг, үнэн байхыг хичээж, үнэн замаар явна гэдэг нь туйлын зөв. Энэ ард түмэн худлаа хэлдэг улс төрчдийн худлаа попролд  хүчирхийлүүлж ханасан. Одоо ядуу чадуу ч үнэнтэй хамт, бодитоор ахиж, жаахан ч гэсэн амьдралын чанараа дээшлүүлэхэд тэмүүлэл ухамсар нь хандаж эхэлсэн. Алийн болгон уриа лоозонд угаагдаж, сонгуулиас сонгуулийн хооронд гол зогоох вэ дээ. Н.Учралын Засгийн газар үндсэн чиг үүргийн яамдаас бусдад нь дэд сайд ажиллуулахгүй гэдгээ мэдэгдчихсэн. Бусад олон дэд сайд түүний засагт байшгүй. Энэ бол албан тушаалыг цөөлнөө гэдэг эхний дохио.

Монголын яам тамга бүрт ажлыг, чиг үүргийн хийдэл давхардал овоолоостой байгаа. Үүнд төгс шинжилгээ хийж, сандал суудлыг цөөлөөд, үлдсэн сандал суудалтайд нь бүтээмж, шийдэл тулгах нь Н.Учралын бодлогоор уншигдаж байгаа. Түүний чөлөөлөх аян, дэгийн зорилго бол ерөөс албан бланк , орон тоо, нүүдэл суудлын эсрэг байна гэдэг нь илэрхий мэдэгдэж байгаа дэвшил.

Ерөнхий сайд Н.Учрал хурдаа гүйцэх хүнийг ажиллуулна гээд хэлээд байгааг дараах байдлаар ойлгож болохоор. Тэр хурд гэгч нь гээгдэхгүй туршлага, бэлэн гүйцэтгэл, тэнцэх шийдлийг л хэлээд  байгаа хэрэг шүү дээ. Нэг үгээр хэлбэл тэрбээр эрс шийдмэг, шийдэл төгс, гүйцэтгэл төгөлдөр байхыг л бодлогоо болгох нь ойлгогдож байгаа юм. Ингэхээс аргагүй.  Н.Учрал өөрөө хурдаар далайлгаад, оносон шийдвэрээр буцлаад, зүтгэлд хань эрээд явчихаар шандастай нь л түүнтэй хамт үлдэх нь тодорхой.

Долдой, арчаагүй, зусар, чадваргүй, авлигач, тээглэгчид аяндаа Засгийн тэргүүнийхээ тоосонд үлдэж, тэр тоосон дотроосоо гарч ирэхэд нь ард түмэн хэдийнэ дүнгээ тавих нь зүй юм. Тийм учраас Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа өөрийнхөө чадамжийн хурдаар тодорхойлно гэдэг угтаа зөв юм аа. Мэдрэмж хурд , хоёр дээр суурилж, төлөвлөлт мэргэн байгаад, гүйцэтгэл, үр дүн тод байвал л хөгжил ирэх нь үлэмж тодорхой. Үнэндээ Ерөнхий сайд Н.Учралд хэн сайд болох нь огт сонин бус,  харин хэн чадах, хэн улс орны чөдөр тушааг чөлөөлж чадах вэ гэдэгт л үндэслэл шилж, бодож байх шиг байна. Ерөнхий сайд болоод 48 цаг ч болоогүй байна шүү дээ.

 

З.САЙНТӨГӨЛДӨР

Сэтгэгдэл үлдээх