Ерөнхий сайд Н.Учрал бодит манлайлал үзүүлж, Оюу толгойн хүүллээс эх орноо чөлөөлж, ноогдолоо түргэн авахыг нэн даруй хийх хэрэгтэй

Татвараас зайлсхийдэг, худал мэдээлэл тараадаг, эрсдлийг бусдаар үүрүүлдэг. Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан РИО ТИНТО-гийн балгийг ингэж тод тодорхой хэлж байна. Түүнчлэн Монголыг санхүүгийн мөлжлөгөөр бүрэн балладгийг үргэлж хэлж ирсэн, энэ эмэгтэй. Ямартаа л С.Баярцогт “Энэ Э.Баясгалан шиг эмэгтэйгээр Эрдэнэс Оюу толгой”-г удирдуулмаар байна” гэж хүлээн зөвшөөрөх вэ дээ. УИХ оны өмнө  Оюу толгойд нэн шинэ ахицыг бий болгох 120-р тогтоолыг баталчихсан. Одоо түүнээс хойш хагас  жил болж байхад уг тогтоолын мөрөөр хэрэгжсэн зүйл юу ч үгүй байна.

Энэ тогтоолыг баталсан спикер, Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн хэрэг эрхлэхийн дарга-одоогийн спикер С.Бямбацогт, Засгийн  хэрэг эрхлэхийн сайд Б.Энхбаяр, Г.Дамдинням нарын гараас ер юу ч гарахгүй энэ хүрэв, өдөр болгон арван таван тэрбум төгрөгөө монголчууд төлсөөр. Оюу толгойгоос хүртэх ноогдол ашиг арагшилсаар одоо бүр 2039 оноос гэдэг хачин зүйл яригдах болсон билээ. Энэ бүх байдал нь Монголыг хэт дорд үзэж байгаа тул гишүүн О.Батнайрамдал, мөн Э.Баясгалан, Б.Солонгоо нарын Оюу толгойд Монголын эрх ашгийг хангуулах зүтгэлтнүүд өчигдөр мэдээлэл хийлээ. Тэдний хэлсэн зүйлсээс хамгийн анхаарал татаж байгаа явдал бол, энэ тооллоос хойш арван жилд Оюу толгойн баялагийг жинхэнэ хур өрмийг олборлох юм байна. Шижир орлого, шижир олборлолтын энэ үедээ бид ноогдлоо авах ёстойг тэд шахаж байгаа нь зүй ёсны юм.

Үүний төлөө бүх монголчууд нийтээр анхаарч, эрх ашгаа хангуулахын төлөө тэмцэж зүтгэх ёстой. Оюу толгойн асуудлаар Монголын эрх мэдэлтнүүд С.Баяр, С.Баярцогт нарын зэрэг олон улстөрчид гэм буруутайд тооцогдож ял зэмээ үүрч ирсэн. Гэтэл Оюу толгой төслийн нөгөө нэг хамтрагч РИО-гийнхон ямар ч ял зэм үл хүртэх бөгөөтөл шулан мөлжих нь улам гаарч ирсэн нь шударга ёсонд огт нийцэхгүй юм.

Монголын талаас гэрээг хийгчид, оролцогчид авлигын болон бусад шинж байдлаар яллагдсан байхад, хамтарсан гэрээлэгчид РИО-чууд яагаад ямар ч зэм хүлээдэггүй, авлигад үл оролцогч мэт байж ирсэн нь үнэн ёс, шударга байдлыг ер хангуулахгүй байгаа юм. Чухам ийм учраас РИО ТИНТО Монголын төрийн өндөрлөгүүдэд нөлөөлөх замаар авлигажсаны нотолгоо болж Монголын талынхан хариуцлага хүлээсэн тул мөн РИО Тинто-гийнхныг хариуцлага хүлээлгэхээр Австрали, Английн авлигатай тэмцэх газарт хандаж байгаа нь зүй ёсны юм.  Ерөөс Оюу толгойгоос эрх ашгаа хангуулах ёстой атал энэ хүртэл энэ мэт арга ажиллагааг хийсэнгүй ирсэн нь монголчууд бидний хэтэрхий дорд арчаагүйнх . Харин өнөөдөр шинэ хариуцлага ярьж, шинэ зүтгэл үзүүлж байгаа О.Батнайрамдал, Б.Солонгоо, Э.Баясгалан нарын итгэл үнэмшлийг онц сайшаах ёстой. Цаашид ч монголчуудыг өмнөх шигээ маллах боломжгүй болсноо тэд ойлгох ёстой.

Шинэ үеийн сэхээрэлтэй залуус  тэгж дураар нь дургиулахгүй юм байна гэдэг тэдний араас нь шаргуу үзсээр байгаа энэ байдлаас тод харагдаж байна. Б.Солонгоогийн хэлээд байгаа “Монголчууд түргэн ноогдлоо авахын тулд гэрээг шинэчлэх ёстой” гэдгийг үтэр түргэн хийх ёстой. Үүнд Ерөнхий сайд Н.Учрал бодит манлайлал үзүүлж, Оюу толгойн хүүллээс эх орноо чөлөөлж, ноогдлоо түргэн авахыг нэн даруй хийх хэрэгтэй юм. Тэгэхгүй бол өрөм дээр нь татвар юу ч авч чадахгүй бид үлдэж, хусам дээр нь хоосон хоцрох гээд байна.

 З.НОМУНТӨГӨЛДӨР

Сэтгэгдэл үлдээх