УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг улираан томилох эсэх маргааныг ҮХЦ маргааш хэлэлцэнэ

ҮХЦ маргаашийн Их суудлын хуралдаанаараа Шүүхийн тухай хуульд "Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг ... зөвхөн нэг удаа томилно” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэнэ.

 2021 онд УИХ-аас батлан мөрдөж буй Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заасан байдаг. Тэгвэл уг заалт дахь “... зөвхөн нэг удаа ...” гэсэн нь ҮХЦ-ийн 2016 оны арвандугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн хоёрдахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх юм. Энэ талаарх мэдээллийг иргэнээс ирүүлсэн аж.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа зургаадугаар сарын 2-ний өдөр дуусгавар болно. Үүнтэй холбоотойгоор түүний томилгоог сунгах асуудал сөхөгдсөн нь улс төрийн зорилготой хэмээн дүгнэх хэсэг байна. Нөгөөтэйгүүр, Д.Ганзоригийн оронд Ч.Хосбаяр шүүгчийг томилно гэх мэдээлэл хөврөх болсон. Энэхүү маргааныг ҮХЦ Их суудлын хуралдаанаараа маргааш хэлэлцэн нэг талд нь гаргана. 

Сэтгэгдэл үлдээх