Өмнөговь аймаг дахь Шивээ хүрэн, Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт хийдэг жолооч нар холын замд ядарч, сульдах, нойрмоглох үед мансууруулах бодис хэрэглэж сэргэдэг байна. Мими хэмээх мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдолд нойр хүрэхгүй, ядарч сульдахгүй болж сэргэдэг аж. Тиймээс жолооч нар богино хугацаанд сэргээх үйлчилгээтэй “мими” мансууруулах төрлийн бодисыг ихээр хэрэглэдэг бөгөөд Гашуунсухайтын боомт орчимд нэг удаагийн хэрэглээний “мими”-г 2000 төгрөгөөр худалддаг байна. Мөн Өмнөговь аймгийн зарим айл өрх, гэр гуанзанд хүртэл дээрх бодисыг хямд үнээр худалддаг болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Мансууруулах төрлийн бодисийн хэрэглээ ихэссэнтэй холбогдуулан зам тээврийн осол гарч, хүний амь нас эрсдэх нь ихэссэн байна.
“Мими” гэх энэхүү бодисыг БНХАУ-д мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, хориотой эмийн жагсаалтад оруулж, хэрэглэхийг хуулиар хориглосон байдаг. Учир нь “мими” гэх дээрх бодис нь кафейн буюу сэргээш агуулсан, донтуулах бодис аж. “Мими”-гийн 90 хувьд агуулагдах кафейн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад албан ёсоор ороогүй боловч хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, хүнийг нойргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг юм байна.
Энэхүү бодисыг удаан хэрэглэвэл тархины наалданги, булчингийн сулрал үүсгэж, аажмаар үхэлд хүргэх аюултай. Гэвч манай улсад дээрх бодисыг хэрэглэгч зах зээл хэдийнэ бий болоод зогсохгүй мансуурагч нарын тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм. Уг нь манай улсад мансууруулах төрлийн бодис тээвэрлэх, хадгалах, өөрөө хэрэглэх, бусдад худалдах, хууль бусаар хил нэвтрүүлэх гээд бүхий л төрөлд 10-15 жилийн хорих ял оноодог хэдий ч Монгол улсад хилээр нэвтрүүлэхийг хориглосон эм эмнэлгийн хэрэгслийн жагсаалтад Мими багтдаггүй байна. Иймд дээрх бодисыг хилээр оруулж, худалдан борлуулж байгаа этгээдүүдэд тусгайлсан хуулийн заалтаар хариуцлага тооцох боломжгүй болж, зөвшөөрөлгүйгээр эмийн бэлдмэл импортлохыг завдсан гэх үндэслэлээр аргацааж, зарим хэргүүд хэрэгсэхгүй болдог аж. Тиймээс иргэдээ мансууруулах бодисын аюулаас хамгаалахын тулд Мимиг хориглосон эм, эмнэлэгийн хэрэгсэлийн жагсаалтад оруулах хэрэгтэй болж байна. Тэгвэл хуулийн дагуу арга хэмжээ авах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.
Т.Сайхан
Сэтгэгдэл үлдээх