
АТОЗ-ийн тулган шаардалтыг хүлээж авахгүй бол УИХ-ыг тараах тэмцэл эхлүүлнэ

Ард түмний онцгой зөвлөлөөс /АТОЗ/ 28 хоногийн өмнө УИХ-д оффшор данстай улс төрчдийг шалгах ажлын хэсэг байгуулах тухай тулган шаардах бичиг хүргүүлжээ. Энэхүү бичгийн хариуг энэ сарын 15-ныг хүртэл өгөхгүй бол УИХ-ыг тараах тэмцэлийг эхлүүлнэ гэж АТЗ-ийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун хэллээ. Мөн тэрээр оффшорчдыг шалгах ажлын хэсэг байгуулах нь хэцүү ажил биш. Хурууны үзүүр хөдлөх төдийд бий болох зүйл гэлээ.
Хэрэв АТОЗ-ын тулган шаардсаны дагуу ажлын хэсэг байгуулж ажиллавал 17-30 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрөх юм байна. Оффшорчдыг шалгаж улсын төсөвт мөнгийг нь татаж чавдал ОУВС-аас зээл авах шаардлагагүй гэдгийг хэлж байсан юм. Түүнчлэн тэмцэл хийвэл БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцруулсан иргэдийнх нь тэмцлийн жишгийн дагуу ард түмнийг нэгтгэж оффшор данстай улс төрчид, тэднийг өмөөрсөн УИХ-ыг тараана гэлээ.
УИХ-аас ажлын хэсгийг байгуулах тухай хариуг гуравдугаар сарын 15-ны дотор өгөхгүй бол ард түмнийг Сүхбаатарын талбай дээр жагсаал хийхийг уриалан дуудах аж.
Өчигдөр болсон АТОЗ-ийн чуулганд Улсын Их хурлын гишүүн асан С.Ганбаатар оролцож оффшорчдын эсрэг тэмцлийн тухай ярилцсан юм. Тэрээр УИХ-ын гишүүн, улс төрд ажиллаж байгаа хүн оффшор дансандаа мөнгөтэй байна гэдэг бол ард түмний нийтийн эрх ашгийн төлөө гаргах шийдвэрээ мөнгө болгож, бусдад худалдаж бусдын төлөө маш их давуу талтайгаар уул уурхайн баялагын гэрээ хийсэн гэдгийг нотлоно хэмээн хэллээ. Оффшор данстай улс төрчдийн эсрэг ард түмэн хүчтэй тэмцэж байж оффшорчид буруу зүйл хийснээ ухамсарлана. Түүнээс нааш тэд өөрсдийн онц ноцтой, аюултай үйлдлээ ухамсарлахгүй гэсэн юм.
Т.Сайхан

Сэтгэгдэл үлдээх