Асрамжийн газраас гарсан хүүхдүүдийн хувь тавилан

Монгол Улсын хэмжээнд хүүхдийн халамж, асрамжийн нийт 36 төв үйл ажиллагаа явуулж байгаагаас Улаанбаатар хотод 31, Дархан-Уул аймагт хоёр, Дорнод аймагт нэг, Орхон аймагт хоёр төв ажиллаж байна. Өнөр бүл, Нийслэлийн Хүүхэд, залуучуудын тусгай цогцолбор, Эрүүл мэнд, спортын яамны дэргэдэх Хүүхдийн төв сувилал төрийн мэдлийнх бол үлдсэн 30 нь гадаад дотоодын хувь хүн, компани, буяны байгууллага ажиллуулдаг ажээ. Харин нийт 1060 хүүхэд өсч, хүмүүжиж байна. Үүнээс: 0- 5 насны 156, 6-11 насны 357, 12-18 насны 450, 18-аас дээш насны 96 хүүхэд, залуучууд амьдарч байна.
Асрамж, халамжийн төвөөс насанд хүрсэн 18-21 насны залуучууд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх "Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор"-т 50 хүүхэд, ЗГХА-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа "Өнөр бүл хүүхдийн төв"-д 17, бусад төвүүдэд 29 нийт 96 залуу амьдарч байна. Халамж асрамжийн төвд амьдарч буй хүүхдүүдийн 42 хувь нь хагас өнчин, 23 хувь нь бүтэн өнчин, 33 хувь нь гэр бүлтэй байдаг аж.
Хүүхдүүдийн асрамж, халамжийн газар амьдарсан жилээр нь авч үзвэл 1 жил хүртэл 25 хувь, 2-5 жил хүртэл 29 хувь, 5-10 жил хүртэл 33 хувь, 10-аас дээш жил 13 хувийг эзэлж байна.
Эдгээр хүүхдүүдийн 30 орчим хувь нь хуульд заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа буюу тэжээгчээ алдсан болон, хүүхдийн мөнгө зэргийг бүтэн өнчин нь нотлогддоггүй, эцэг эх нь тогтоогдоогүй, баримт бичгийн бүрдэл дутуу, эцэг эх, хүүхдийн мэдээлэл зөрдөг, нас барсан эцэг эхээрээ овоглодоггүй гэх мэт шалтгаанаар авч чадахгүй байна. Мөн 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд олгодог 1,200,000 төгрөгийн тэтгэмжийг эцэг эх нь сураггүй болсон, эцэг эх нь нас бараад 10 жил болж байгаа ч нас барсан гэж тогтоогдоогүй, хагас өнчин боловч амьд байгаа эцэг эх нь эцэг, асран хамгаалагчийн үүргээсээ татгалзсан эсвэл олддоггүй, эцэг эх нь нас барсны гэрчилгээгүй зэрэг шалтгаанаар авч чадахгүй байгаа.
Мөн тэд 18 нас хүрээд асрамжын газраас гарах ёстой. Тэднийг асрамжаас гарахад дүүргийн засаг дарга хариуцан авч ажлын байр орон гэртэй болгох ёстой. Харин энэ бол хэрэгждэггүй хууль болоод байгаа.
Жилд нэг асрамжийн төвөөс 5-6 хүүхэд 18 нас хүрсэн гээд гардаг. Ингээд бодоод үзвэл 36 асрамжийн төвөөс жилд нийт 216 орчим хүүхдүүд гарч байна. Эдгээрээс гэр бүл болон гарах тохиолдол ч байдаг.
18 нас хүрэнгүүт асрамжийн газраас нь шууд “хөөх” тогтолцооны золиос болсон тохиолдол ч байна. Нэг асрамжийн төвөөс гэхэд хамгийн сүүлийн судалгаагаар 2-3 шоронд орсон, таван төгсөгч гудамжинд гарсан харамсалтай мэдээлэл байна. Нас биед хүрсэн сэтгэцийн өвчтэй хүүхдийг авах, харьяалах газар ч олддоггүй юм байна. СМҮТ, халамж үйлчилгээ, Батсүмбэр зэрэг эмнэлэг, халамжийн байгууллагууд цааргалснаас сэтгэцийн өвчтэй хүүхэд гудамжинд гарсан тохиолдол ч гарч байжээ. Ажил мэргэжилгүй, орон гэргүй зарим төгсөгч амь насаа алдсан ч тохиолдол байдаг аж.
Үүнийг төр засаг анхааралдаа авахгүй бол та бидний ирээдүйн нэг хэсэг нь хэцүүхэн амьдралаар амьдарч, амьдралын нугачаан дунд бүдчин замаа олохгүй явсаар байна.
Олон жил төрөөс ямар нэгэн зохицуулалтгүй явж ирсэн энэ асуудал одоо ч хариуцах эзэн алга. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” гэж 2014 онд байгуулагдаж байсан. Тус байгууллага 18-21 настай залуучуудыг хүлээж авдаг. Одоогоор тэнд 40 гаруй хүүхэд л амьдарч байна. Төгсөгч бүр энэ байгууллагад хамрагдах бас л боломжгүй.
Хэдий ийм ч асрамжийн төвд байгаа хүүхэд бүр өөр өөрийн зорилготой, хүсэл эрмэлзэлтэй явсаар байгаа. Гэвч өнөөгийн нийгэм тэдний хүссэнээр байдаггүй нь харамсалтай.
М.Шигтгээ
Сэтгэгдэл үлдээх