Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдрөөс эхлэн тодорно

Монгол Улсын төрийн тэргүүнийг тодруулах долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт ирэх зургадугаар сарын 26-нд болно. Сонгуульд парламентад суудалтай гурван нам нэр дэвшигчээ сойж уралдуулах юм. Тодруулбал, МАН, МАХН, АН гэсэн улс төрийн хүчнүүд хуульд заасан шалгуурт нийцсэн хүмүүсийг тодруулан нэр дэвшүүлэх болно. Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах цаг хугацааны ажлыг тодорхой заасан бөгөөд намуудын нэр дэвшигчээ тодруулах хугацаа өнөөдрөөс эхэлж энэ сарын 5-ны өдрөөр дуусгавар болох юм. 

Одоогийн байдлаар МАН-аас нэр дэвших хүн тодорхой гэж хэлж болохоор байгаа. Тус намын зүгээс М.Энхболд дэвших эрхээ нэгэнт гартаа оруулсан. Тэрээр сонгуулийн галт тэргэнд суух тийзээ авчихсан ч намын зүгээс нь гишүүдээсээ санал хурааж албажуулах юм. Ерөнхийдөө багахан хэмжээний жүжиг тоглоно гэсэн үг. Харин МАХН-аас Н.Энхбаяр даргыгаа дэвшүүлэх хүсэлтэй байгаа ч түүнд ногдуулсан ял хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа. Иймд "Б" төлөвлөгөөтэй суугаа байх. Тэрхүү төлөвлөгөөний бай нь Гадаад харилцааны дэд сайд асан хүн. 

АН-ын хувьд нэр дэвших сонирхолтой маш олон хүн дотроос сонголт хийх шаардлагатай тулгарсан. Тухайн горилогч нараас хэн нь намын гишүүдийнхээ итгэлийг олж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших вэ гэдэг тодорхой болно. Өөрөөр хэлбэл намын хурлаараа оруулж санал хураан шийднэ гэсэн үг. 

Ийнхүү намуудаас нэр дэвших хүмүүс өнөөдрөөс эхлэн тодорч, Ерөнхийлөгчийн сонгуулийн галт тэрэг дуут дохиогоо өгөн хөдлөхөд бэлэн болох нь. 

М.Мишээл

Сэтгэгдэл үлдээх