Монгол, хар тамхи дамжуулагчаас хэрэглэгч улс болж байна

Хүний бие организмд архины шарталтаас 60-80 дахин хүчтэй нөлөө үзүүлдэг, нийт хэрэглэгчдийн дөнгөж тавхан хувь нь эдгэрч, мансуурахаас татгалздаг хар тамхины аюул алсынх байхаа болив. Хар тамхи худалдсан, борлуулсан этгээдүүд баригдлаа гэх мэдээллэлтэй зэрэгцэн дэлхий дахинаа цагаан тахал хэмээгддэг мансууруулах бодисны хэрэглээ жилээс жилд нэмэгдсээр байна. Албаны хүний хэлж буйгаар Улаанбаатар хотод хоногт 10 сая төгрөгийн мансууруулах бодис худалдаалагддаг гэх. Статистик мэдээллээс харвал 2015 онтой харьцуулбал өнгөрсөн жил хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 37, холбогдогчийн тоо 32 хувиар тус тус өссөн байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг 600 орчим үйлчлүүлэгчтэйгийн олонх нь морфинд донтсон иргэд байдаг аж. Өөрөөр хэлбэл, “мөс” хэрэглэдэг монгол мансуурагчид тус нийгэмлэгт ханддаггүй гэсэн үг. Цагдаа, хил гаалийн байгууллагаас Хууль зүй, дотоод хэргийн яаманд өгсөн мэдээллээр ОХУ, БНХАУ, Зүүн өмнөд Азийн орон гэсэн гурван урсгалаар мансууруулах ургамлын гаралтай бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх оролдлого идэвхжих хандлагатай байна. Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн дарга Б.Ариунжаргалын хэлснээр 2014 онд 62 хэрэгт 144 хүн холбогдож байсан бол 2015 онд 79 хэрэгт 169 хүн, 2016 онд 109 хэрэгт 224 хүн холбогджээ. Харин илрүүлэлтийн хувийг харахад холбогдогчийн тоо жилд 30-40 хувиар, хэрэглэгчийн тоо 20-30 хувиар өссөн гэсэн үг.

Сэтгэгдэл үлдээх