539 тэрбум төгрөгөөр авто зам барина

Энэ жил хөрөнгө санхүүжилтийн боломж муу байгаатай холбоотойгоор шинээр авто замын ажил эхлүүлээгүй аж. Өмнөх жилүүдэд барьж байсан замын үргэлжлэл арчилалтын ажил хийгдэхээр төлөвлөжээ. Үүнд Ховд, Баян-Өлгий аймгийн чиглэлийн хатуу хучилттай автозамын ажил багтаж байгаа юм. Авто замын салбарт 2017 онд төлөвлөсөн нийт хөрөнгө оруулалт 539,06 тэрбум төгрөг байна. Нийт 17 төслийн 1403,96 км авто замын барилгын ажил, гурван төслийн 639.6 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажил, улсын чанартай 12.967 км авто замын засвар арчилалтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Хөрөнгө оруулалтын 5.26 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж байгаа бол Хөгжлийн банкнаас 23.84 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа юм.
Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл 446.57 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээл 63.36 тэрбум төгрөгийн зээл авахаар болсон байна. Олон улсад шинээр ашиглалтанд орсон авто замын эхний ээлжийн засварыг зургаан жил болоод, их засварыг 15 жилийн дараа хийдэг бол манай улс энэхүү стандартыг мөрддөггүй. Өөрөөр хэлбэл шинээр ашиглалтанд орж байгаа авто замууд жил хүрэхгүй хугацаанд эвдэрдэг. Уг нь авто замын барилгын ажлыг гүйцэтгэсэн компаниуд өдөр тутмын арчилгаа хийж байх ёстой ч хөрөнгө санхүүжилт муу байгаа гэсэн шалтгаанаар замын компаниуд өдөр тутмын арчилгааг хийдэггүй. Барихдаа чанар, стандартын шаардлага хангадаггүйгээс үүдэн авто замуудын насжилт богино байдаг тухай албаны эх сурвалж хэллээ.
Т.Цолмонсайхан
Сэтгэгдэл үлдээх