Ерөнхийлөгчийн сонгууль буюу их панз үсэргэх цаг айсуй

Төрийн сүлдэндээ сүү, цайныхаа дээжийг өргөдөг гайхам сайхан уламжлалтай монголчууд тун удахгүй Төрийн тэргүүнээ сонгоно. Хэдийгээр нийт хүн амын маань 40 орчим хувь нь нийслэлдээ оршин суух болж суурин амьдралд дадах болсон ч сүү, цайныхаа дээжийг өргөдөг уламжлал өнөө хэр үргэлжилсээр буйг өглөө машин дээр асгарсан толбонууд гэрчилнэ. Гэхдээ энэ удаа идээний дээжинд цоохортсон машины асуудлыг бус итгэл бишрэлээр хийдэг сэтгэлийн өргөлийг ч биш, эх орны хувьд эцэг хэмээгддэг Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн талаар өгүүлсү. Манай улсад ардчилсан хувьсгал ялснаас хойш даруй 27 он улирчээ. Эл хугацаанд монголчууд долоон удаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон бөгөөд энэ удаа найм дахь удаагаа сонгуульдах гэж байна. Өнөөдрийн байдлаар хуульд заасанчлан УИХ-д суудалтай гурван нам нэр дэвшигчээ сойхоо мэдэгдчихээд буй. АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МАХН-аас манай улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж асан Н.Энхбаяр хүч үзнэ. Мань нөхөд чухам л уяа сойлго нь таарсан морьд мэт дүүхэлзэн ухаан бодлоо уралдуулан, улс орноо хөгжүүлэх, ард түмнээ ачлах мөрийн хөтөлбөр юугаа бэлдэж байгаа хэмээн сонгогч түмэн хүлээж буй нь маргашгүй үнэн. Гэвч ардчиллын ачаар алхаж орсон чөлөөт зах зээл, энгийнчилбэл наймаа, улс төрийн хүрээнд ч бат байр суурьтайгаар бэхжсэнийг мартаж үл болох. УИХ-ын сонгуулийн үеэр албан тушаалын наймаа яригдаж, сонгуулийн зардлаа босгох хөрөнгийг 60-70 тэрбумаар нь тооцоолж суусан бичлэг ч бий. Өөрөөр хэлбэл, тун удахгүй болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ч бас ханцуйн доторх наймааны үндсэн дээр өрнөх нь тодорхой. Ямартай ч хэд хоногийн М.Энхболд, Н.Энхбаярыг дуудаж уулзсан тухай яриа байна.  Миеэгийн хүү Намбарын хүүг аминчлан дуудаж уулзахдаа нэгэн цагт нэгэн дээвэр дор аж төрж, ах дүүс бололцож явснаа санагалзан Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байхыг хүсчээ. Харин цаст уулын цагаан бар явсан Н.Энхбаяр нэрээ татаж дэмжиж аижллаж болноо. Харин оронд нь Ерөнхий сайд болъё гэх гаажтай саналыг тавьсан гэх. Мэдээж, өнийн хүслээ биелүүлж Төрийн тэргүүн болох хүсэлдээ шатаж яваа М.Энхболд хэрхэн эл саналыг зөвшөөрөх... Нэгэнт тохироо хийж үл чадсан учраас Н.Энхбаяр, зам замаараа одсу хэмээгээд гарч одсон тухай эх сурвалж хэллээ. Гэвч Н.Энхбаярыг нэр дэвших эрхгүй гэх шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүх гаргасан. Эдүгээ эл асуудал давж заалдах шатны шүүх дээр очсон агаад хэрхэн шийдэгдэх нь цаг хугацааны хэрэг. Ер нь бол Н.Энхбаярын өмгөөлөгч ялыг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргахдаа гоомойдсноос болж шүүх манай гурав дахь Ерөнхийлөгчийг хүмүүжээгүй гэж үзчихээд байгаа юм билээ. Энэ тохиолдолд М.Энхболд тохироо хийж нэрээ татахаас татгалзсан эксийн нэр дэвших эрхийг хясан боогдуулахын тулд хүч гаргах нь мэдээж. Хуульч, өмгөөлөгчдөөс учрыг лавлахад хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой л гэх юм билээ. Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өрсөлдөгчийн дүрд тоглож буй эсэхийг хэлэхэд арай эрт байна. Гэхдээ сонгуулийн сурталчилгаа эхэлсэн даруйд л жүжгийн тавилт уу, Төрийн тэргүүн болох өрсөлдөөн үү гэдэг нь илэрнэ. Хэрвээ Х.Баттулга сонгуульд хүч хөрөнгө зарвал өрсөлдөхөөр шийдэж, хүч тавихгүй бол улс төрийн хүрээнд өрнөсөн наймааны явц гээд ойлгочиход болно. Наймаалцаж байж магадгүй гэх хардлага төрөх болсон шалтгаан нь АН-ын цоо шинэ дарга С.Эрдэнийн үйлдэл. Тэрбээр М.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ намынхнаасаа авсан даруйд дэмжлэг үзүүлэхээ ил тодоор илэрхийлчихсэн гэхэд хилсдэхгүй. Товчхондоо монголчууд, газрын наймаачин, авлигын загалмайлсан цэцэг, хувьчлал буюу хуульчилагдсан хулгайгаар хөлжсөн гурван “наймаачин”-ы нэгийг    Төрийн тэргүүнээрээ сонгохоос өөр сонголт үгүй. Угаас манай  улстөрчдийг наймаачин, амбицтан гэж хоёр хувааж болно. Улс орны хувьд амбицтан нь хэрэгтэй л дээ. Хөрөнгө мөнгө, эрх мэдэлд шунамхайрахаасаа илүүтэй нэр алдарт дуртай учраас ажиллах амжилтанд хүрэх, түүнээсээ сэтгэл ханамж эдэлдэг учраас тэр. Харамсалтай нь манай улстөрчдийн дунд тун цөөхөн... Бусад нь наймаачид... Ашиг орлогын төлөө үхэлдэн тэмцэгсэд... Ард түмэн, улс эх орны эрх ашгийг ямагт хоёрдугаарт тавьдаг юм, наймаачин улстөрчид... Б.Тэргэлжин

Сэтгэгдэл үлдээх