Н.Сугар: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ шинээр эрхэлж байгаа хүмүүс ямархуу саад бэрхшээлтэй тулгардаг байсан бэ. Захирамжийн дагуу ямар өөрчлөлт бий болж байна вэ?
Г.Гангамөрөн: Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Ковид-19”-ийн сорилтод хамгийн их нүүр тулсан нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид байсан. Төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын дунд 5-8 удаагийн судалгаа явуулсан. Судалгаагаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн дунджаар 94 хувь нь “Ковид-19”-ийн нөлөөнд өртжээ гэсэн дүн гарсан. Тэдэнд тулгамдсан хэд хэдэн асуудал байна.
Нэгдүгээрт санхүүгийн асуудал, хоёрдугаарт борлуулалтын шугам, сүлжээгүй болсон, гуравдугаарт ажлын байраа хадгалж үлдэхийн тулд төрийн дарамт шахалт буюу бидний ярьж байгаа зөвшөөрөл, төрийн хүнд суртал, процессын үйл ажиллагааг арилгаж өгөөч гэсэн үндсэн гурван тулгуурт асуудал гарч ирсэн. Нийслэлийн удирдлагууд, ялангуяа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өөрт олгогдсон эрх зүйн хүрээнд 74 үйл ажиллагааны зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Эрх зүйн хүрээнд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, батламж гэх гурван ангилал байдаг. Тусгай зөвшөөрөл нь хуулийн нарийн зохицуулалттай учраас Нийслэлийн Засаг даргын эрх мэдлийн асуудал биш юм. Харин зөвшөөрөл болон батламж байхгүй болж байна. Түүнчлэн нийслэлийн удирдлагуудын хийж байгаа маш чухал ажил бол жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт холбоотой 172 үйлчилгээ цахимд шилжиж байна. Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын зүгээс 74 чиглэлийн зөвшөөрлийг хүчингүй болгосныг талархалтай хүлээн авч байна. Нөгөөтээгүүр манай бизнес эрхлэгчид, хувь хүн өөрөө маш ухамсартай байх ёстой. Зөвлөн туслах үйлчилгээг шат шатны төрийн бүх албаныхан үзүүлнэ.
Сэтгэгдэл үлдээх