Коронавирусийн цар тахлын нөхцөл байдалтай холбоотой эдийн засаг хямарч, иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого буурсан. Төрөөс ч иргэдийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргаад байгаа. Гэвч үүний нөгөө талд банкууд дахь чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж зарим жижиг банкуудын үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн. Товчхондоо төрийн бодлого шийдвэрийн дагуу банкнаас зээл авсан иргэд зээлээ эргэн төлөх идэвх буураад байгаа.
Нэг үгээр төрийн бодлого шийдвэр иргэн, аж ахуйн нэгжүүдэд таатай ч арилжааны банкуудыг хүнд байдалд оруулсан. Гэхдээ үйл ажиллагаа нь доголдсон банкууд үйл ажиллагаагаа сэргээхийн төлөө ажиллаж байна. Монголбанкны мэдээллээр Чингис хаан банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа доголдсон. Гэхдээ Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь пассивын хэмжээгээ нэмэгдүүлж байгаа. Хамгийн сүүлд гэхэд Үндэсний хөрөнгө оруулалтын банк 15 сая ам.доллараар пассиваа нэмжээ. Энэ нь Үндэсний хөрөнгө оруулалтын банк үүссэн доголдлоо сэргээж, хэвийн ажиллаж эхэлсэн гэсэн үг.
Гэтэл итгэлцэл дээр тогтдог эмзэг салбар руу улс төрчид үе үе дайрч эхэллээ. Энэ нь банкны сэргэж байгаа үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх магадлал үүсгэж байна. Тодруулбал Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Үндэсний хөрөнгө оруулалтын банк руу дайрах болсон. Банкны үйл ажиллагаа доголдсон гэх утга бүхий үгийг Төрийн ордонд удаа дараа хэлэв. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй, гишүүний дархан эрхийн цаана үлдэнэ. Харин банкны үйл ажиллагаа доголдвол банкны хөрөнгө оруулагчид, харилцагчид хохирно. Энэ эрсдэлийг Сангийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдэхгүй биш мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэхдээ түүнд бизнес эрхлэгчид эсвэл олон мянган иргэн хохирох нь сонин биш. Харин хувийн ашиг сонирхол, өс хонзонгоо гүйцэлдүүлэх нь чухал.
Тэгвэл Ч.Хүрэлбаатарын хувийн ашиг сонирхол, өс хонзонгийн зангилаа хаана байгаа вэ гэдгийг тодруулъя. Арилжааны банкны тухай хуулиар банкуудад нэг хувьцаа эзэмшигч 20 хувиас илүү хувь эзэмших боломжгүй болсон. Үүнтэй холбоотой Монголын хамгийн том банк болох Хаан банкны хувьчлал олон хүний шуналыг хөдөлгөж байгаагийн нэг нь Ч.Хүрэлбаатар. Ч.Хүрэлбаатарын хувьд өөрийн хамаарал бүхий этгээд Таванбогд группийн Ц.Баатарсайханаар дамжуулж Хаан банкинд нөлөөгөө тогтоосон. Зөвхөн Хаан банкнаас гадна Монголын банк, санхүүгийн салбарт ашиг сонирхлоо нэвт шингээсэн. Тодруулбал , Монгол банкинд эхнэрээ мөнгөний бодлогын газрын захирлаар томилуулсан. Мөн түүний ах дүүс нь Сангийн яам, яамны төсөл хөтөлбөрүүдэд "хувалз" шиг шигдсэн байгаа. Жишээлбэл Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ганболдын хүү Дэлгэр сангийн яамны дэргэдэх Хөгжлийн хөтөч дэд бүтэц төслийн менежер. Гэхдээ бодит байдал дээр бүх л шийдвэрийг Г.Дэлгэр гаргадаг гэдгийг эх сурвалжууд баталж байна. Мөн Сангийн яамны хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү, Сангийн яамны хууль зүйн хэлтсийн дарга З.Энхболд, сангийн яамны төслийн зохицуулагч Х.Болор-Эрдэнэ гээд банк санхүүгийн салбар Ч.Хүрэлбаатарт өртэй мэт. Банк санхүүгийн салбар дахь энэ нөлөөллөө алдахгүй улам зузаатгахын тулд Хаан банкны хувьцаанд далдуур оролцох сонирхол Ч.Хүрэлбаатарт бий.
Энэ нь Японы хөрөнгө оруулагч Савада руу сангийн сайд байхдаа хувьцаагаа Таванбогд группт зарах “шахалт” үзүүлж байсан хууль бус албан бичгээр батлагдаж байгаа. Тус хэргийг АТГ-т шалгуулахаар болж, Япон улсын хөрөнгө оруулагч Савада хуулийн байгууллагад гомдол гаргаад буй.
Энэ мэтээр Хаан банк дахь нөлөөллөө алдахгүй гэж хичээж, арга сүвэгчилж байх зуур Хаан банкны хувьцааг Япон хөрөнгө оруулагчдад зарах хэлэлцээрт Асашёорюү Дагвадорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцож байна гэх мэдээлэл түүнд очжээ. Уг нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигч Д.Сумъяабазар болон Д.Дагвадорж нар бусад банк буюу Хаан банкны хувьцаа, арилжаанд оролцох боломжгүй. Гэвч айхгүй ч гэсэн аягүй гэгчээр Ч.Хүрэлбаатар хөмхий зууж, Д.Сумъяабазарыг Хаан банкны хувьцаанд оролцож байна гэх хардлагадаа үнэмшчихээд Үндэсний хөрөнгө оруулалтын банк руу дайрч, давшлах болов. Товчхондоо Хаан банк дахь нөлөөллөө алдахгүй гэсэн бачуурал нь арилжааны банк руу дайрах шалтгаан болж байгаа. Уг нь Д.Сумъяабазар үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 10 гаруй хувийг л эзэмшдэг. Гэвч Ч.Хүрэлбаатарын хувьд зуусан бол тавьдаггүй, хонзогнуур нэгэн гэдгийг улс төрийн хүрээнд мэднэ. Өмнө нь "Хотгор шанага"-ын уурхайг ах, дүүсээрээ зарсан гэдэг хэргээ нуухын тулд БНСУ-ын парламентын гишүүнийг сүрдүүлж байсан нь баримтаар нотлогдсон. Саяхан Японы хөрөнгө оруулагч Савадаг төрийн сайдын албан бичгийг хууль бусаар үйлдэн дарамталсан нь ил болоод байгаа. Түүний хувийн ашиг сонирхол, өс хонзонгоос болж бусад арилжааны банкны харилцагчид хохирч, гадны хөрөнгө оруулагчид Монголоос зугтааж мэдэх нь.
Монгол Улсад арилжааны 13 банк үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр банкууд Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөгч гол хүч болж байгаа. Өөрөөр хэлбэл банкуудын үйл ажиллагаанд доголдол үүсвэл хохирлыг Монгол Улс, иргэд хүлээнэ. Тиймээс улс төрчид хувийн ашиг сонирхол, өс хонзонгийн сэдэлтэйгээ банкны салбараас холдох хэрэгтэй байна.
Сэтгэгдэл үлдээх