Сүүлийн таван жилд 284 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2023 оны анхдугаар хурал 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр боллоо.

Анхдугаар хуралдааныг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч дарга С.Бямбацогт үг хэллээ. Тэрээр "Сүүлийн таван жилд 25.000 орчим зам, тээврийн осол бүртгэгдэж, 284 хүүхэд амиа алдсан харамсалтай статистик байна. Бид энэ тоог бууруулж, зам, тээврийн осол гэмтлийг бууруулахын тулд эрхзүйн орчныг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах хэрэгтэй байна. Мөн салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хүүхдүүдэд бага наснаас нь эхлэн замын хөдөлгөөнд аюулгүй, соёлтой оролцох мэдлэгийг зөв олгох хэрэгтэй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг нь унших, тоо бодохтой адилхан чухал ач холбогдолтой Тиймээс хүүхдүүдэд цэцэрлэгээс нь эхлэн мэдлэг олгох чухал. Сургалтын хөтөлбөрийн агуулгадаа ойлгомжтой, цэгцтэй оруулж, үр дүн гаргах нь хэрэгтэй" гэдгийг онцлов.

Хурлаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаатай холбоотой тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан. Тухайлбал:

- Жолооч бэлтгэх тогтолцоог сайжруулж, үр дүнд хүргэх, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар;

- Орон нутгийн замд цагдаагийн хяналтын 64 пост байгаагаас 13 пост нь дундаж хурд болон бусад төрлийн зөрчлийн илрүүлэх камерын хяналттай байна. Энэ онд шинээр 12 цэгийг бүрэн камержуулахаар ажиллаж байна. Авто замуудыг камержуулах нь дан ганц торгох шийтгэх биш жолооч нарыг хурд хэтрүүлэхээс сэргийлж, орон нутгийн замд гардаг хурднаас шалтгаалсан зам тээврийн ослыг бууруулахад чухал нөлөөтэй байдаг. Цаашид улсын чанартай зам дагуу байгуулсан цагдаагийн хяналтын бүх постыг иж бүрэн камержуулах шаардлагатай байгаа талаар;

- Мөн хуралдаанаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох зөрчилд хүлээлгэх хууль эрхзүйн орчныг сайжруулах талаар;

- Ерөнхий боловсролын хичээлийн сургалтын агуулга дахь замын хөдөлгөөний мэдлэг олгох сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгож, зөв, цэгцтэй мэдээлэл олгох;

- Зам, тээврийн ослын талаарх тоон үзүүлэлт, төрөлжсөн мэдээллийн нэгдсэн сантай болох зэрэг ажлуудыг үйл ажиллагааны төлөвлөгөөнд зохион байгуулахаар тусгалаа.