“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдтэй уулзалт зохион байгуулжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдтэй уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож ажиллалаа.  

 

Уулзалтын эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, Өмнөговь аймаг болон Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хүрээнд хийсэн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгөв. Компанийн зүгээс 2018-2022 онд нийт 50,3 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус аймагт хийжээ. Онцлох ажлуудаас дурдвал, уурхайгаас Гашуунсухайтын авто замтай холбох 8.2 км авто зам, Цогтцэций сумын төвд 1,1 км авто зам, 0,68 км авто зам, гэрэлтүүлэг, явган болон дугуйн зам, зогсоол​ байгуулж, Цогтцэций сумаас Баруун наран чиглэлийн 13.5 км авто зам тавьсан байна.

 

Мөн шинэ суурьшлын бүсийн 200 айлын 10/0.4кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгаан хангамжийн АТП-1, 2, 3 угсралтын ажлууд хийгдсэнээс гадна тус сумын Эрүүл мэндийн төвд химийн хортой хог хаягдал устгах автоклав болон дагалдах багаж хэрэгслийг  хүлээлгэн өгсөн гээд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг тайлагнав.

 

Харин энэ онд шинэчилсэн Хамтын ажиллагааны хүрээнд 5,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүнээс гадна ЭТТ ХК хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд нэг тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх батламжийг сумын эмнэлгийн удирдлагуудад гардууллаа.  

 

ЦОГТЦЭЦИЙ СУМЫГ ОРОН НУТГИЙН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТ БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БАРИМТ БИЧГИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 

 

Уулзалтын үеэр Цогтцэций сумыг орон нутгийн зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийг хүлээлгэн өглөө.  

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Хот байгуулалтын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах шийдвэр гарч, энэ дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 224 дүгээр тушаалаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг орон нутгийн зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Улмаар төслийг 2022 оны 6 дугаар сараас эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хот төлөвлөлт, архитектурын орон тооны бус мэргэжлийн зөвлөл, БХБЯ-ны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөл гээд Төрийн захиргааны байгууллага болон Иргэд, олон нийтээр шат дараатай хэлэлцүүлсний үндсэн дээр “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний баримт бичгийг боловсруулж дуусаад байна.

 

Тус төлөвлөлтөд тусгаснаар “Шинэ суурьшлын бүс”-ийн эхний ээлжийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор 90 га талбай бүхий газар нутгийг сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд амжилттай тусгуулсан байна. Одоогийн байдлаар эхний ээлжийн бүтээн байгуулалтад шаардлагатай инженерийн бэлтгэл ажил, дэд бүтэц, 600 айлын орон сууц, 400 ажилчны оффис, 240 хүүхдийн цэцэрлэг, 480 хүүхдийн сургуулийн барилгын зураг төслийг гүйцэтгэх төлөвлөгөөг боловсруулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлээд байгаа юм. 

 

Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил болон Цогтцэций сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулсны дараа иргэдийн үгийг сонсож, ярилцлаа. Цогтцэций сумын Сийрст багийн иргэн Н.Адъяацэрэн “Юуны өмнө компанийн зүгээс шинэ суурьшлын бүсэд анхаарч, сумын хөгжлийн төлөвлөгөө хүлээлгэн өгч буйд талархаж байгаагаа илэрхийлье. Энэ сум цаашдын 10 жилд яаж хөгжих юм бэ гэдэг ерөнхий зураг гарч ирж байгаа нь сайн хэрэг. Харин үүнд иргэдийн оролцоо маш чухал. Бид одоо уурхайгаас тийм баяр тэмдэглэе, ийм арга хэмжээ зохионо гэж асуудалд жижгээр хандалгүй, уул уурхайгаасаа том дэвшил, сум орон нутгийн хөгжлийг өөд татчих бодит хөрөнгө оруулалт шаардмаар байна. Иргэд малчидтай зорьж ирж уулзаж байгаад баярлалаа, энэ уулзалтыг тогтмол зохион байгуулж байвал хөдөөгийн иргэд бидэнд их хэрэгтэй юм” гэв.  

 

Мөн иргэдийн зүгээс уурхайн үйл ажиллагааны тоосжилтын улмаас Цагаан-Овоо багийн иргэдийн амьдрах орчин нөхцөл болон эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буйг тодотгов. Хэдийгээр иргэдийг нүүлгэн шилжүүлж нөхөн олговор өгдөг ч ирээдүйд малчингүй болох эрсдэл байгаа учир төр засгийн хэмжээнд бодлогоор анхаарч өгөхийг хүссэн. Мөн орон нутгийн иргэд усны асуудал санаа зовоосон нэг сэдэв болоод байгааг учирлаж, уул уурхайгаас орж буй татварын мөнгийг зайлшгүй зарцуулах шаардлагатай ус, дэд бүтэц зэрэг бодит төсөлд хөрөнгө оруулахыг хөндсөн. Түүнчлэн багийн иргэдийг одоо амьдарч байгаа нөхцлөөс нь дордуулахгүйгээр нүүлгэн шилжүүлж, нөхөн олговор олгохдоо бодитоор харж шийдээсэй гэсэн хүсэлтийг тавьж, компанийн зүгээс иргэдтэй хийх ийм уулзалтыг ойр ойр зохион байгуулж, малчидтай хамтран ажиллах шаардлагатайг хэлж байв.  

 

 

 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагууд уулзалтаас гарсан иргэдийн саналд суурилан хөрөнгө оруулалт, ажлуудыг тодорхойлж, малчин иргэдийн дэвшүүлсэн асуудалд нээлттэй, эргэх холбоотой ажиллана гэдгээ илэрхийлсэн.