Өнгөрсөн долоо хоногт Лондон хотод нээлтээ хийсэн "Тамгагүй төр" буюу "The Mongol Khan" жүжгийн талаар Их Британийн хэвлэлүүдээр урлаг судлаачдын шүүмжүүд гарч эхэлжээ.
Монгол жүжгийн талаар английн "The Telegraph" сонинд "Монголын түүхэн энэ жүжгийн талаар хамгийн эхэнд мэдэх ёстой зүйл бол энэ жүжиг Чингис хааны тухай биш юм.
Орос, Хятадын дундаас ялгарахыг хичээж байгаа жижиг үндэстний зөөлөн хүчээ харуулах энэ оролдлого нь 2000 жилийн өмнөх үйл явдлаар өрнөдөг бөгөөд Англид тоглох болсон шалтгаан нь саяхны түүхтэй буюу Их Британи, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой холбоотой аж.
Сонирхолтой зохиомжтой ч гэлээ, 70 хүний бүрэлдэхүүнтэй энэ жүжиг үнэхээр уйтгартай байлаа. Жүжгийн өрнөл нь мөсөн гол урсах мэт удаан хэр нь ээ энэ зохиолоос дуурь, балет эсвэл Шекспирийн жүжгээс мэдэрдэг шиг урлагийн таашаал огт авч чадахгүй. Аллагаар дүүрэн төгсгөл нь эмгэнэл, уй гашууг харуулах ёстой байсан ч дүрүүдийн жүжиглэлт үүнийг харуулж чадсангүй.
Тулааны хэсгийн хөгжим нь муу киноныхтой адил. Заримдаа жүжигчдийн ярианы хооронд гэнэт сүртэй орж ирж байсан болохоор сүүлдээ хөгжмийг нь анзаарахаа ч байсан. Тансаг өмсгөлүүд, уламжлалт хувцаснаас эхлээд биеийн судас, томруулсан хөхөөр чимэглэж, хар шилтэй хослуулсан өмсгөлүүд хүртэл байсан. Дээр нь нэмээд хүнд амьсгаа, сэрэл өдөөсөн дугаралтын чимээг нэмбэл үнэхээр хачин жигтэй.
Соёлын солилцоог миний хувьд ямагт хүлээн авна. Ялангуяа бахархам дипломат харилцаанд үндэслэсэн соёлын харилцааг бид үргэлж дэмжинэ. Гэхдээ Английн үзэгчид “төр”-ийг ард түмнээс илүүд үзэх суртал ухуулга бүхий жүжгийн санааг таалахгүй л болов уу" хэмээжээ.