Баянзүрх дүүргийн Яаралтай тусламжийн төв шөнийн 24 цаг гэхэд хөл гишгэх зайгүй шахам, халуурч, ханиасан, бөөлжиж суулгасан нялх хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүдээр дүүрэн байлаа. Дийлэнх нь бага насныхан бөгөөд ханиад хүрч, эдгэхгүй олон хоносноос хатгаа гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлэх тасаг руу шилжиж байв. Гэвч хүүхдийн тасаг нь оргүйгээс эхний хэд хоногтоо эмнэлгийн шалан дээр хүүхэдтэйгээ хэвтэнэ. Хэзээ ор гарахыг хэлж мэдэхгүй гэдгийг эмч нар хэлж, эмнэлгийн бараа харж, эмчилгээнд орж л байвал хамаагүй хэмээн эцэг, эхчүүд аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй аж.
Тус төв хүүхдийн жижүүрийн ганц эмчтэй. Халуурч бачимдсан халууцсан хүүхдүүд уйлалдаж, ганц эмч хаанаа ч хүрэлцэхгүй, хүүхдээ үзүүлэх гэсэн эцэг, эхчүүд хэдэн цагаар дугаарлан газар суух нь сууж, шөнийн 03,04 цаг гэхэд л хүүхдээ тэвэрсэн хүмүүс цувсаар... Дүүргийн хүүхдийн ганц эмнэлэг, ганц эмч ачааллаа дийлэхгүй, босох ч завгүй ажилласаар... Үзүүлэх гэж ирсэн хүүхдүүдийн дийлэнх өвчин нь хүндэрсэн байдалтай ирдэг гэлээ. Энэ ханиад богино хугацаанд хүндэрч, хатгаа болж, хүүхдийн уушги гэмтээж байгааг эмч нар хэлж байлаа. Мөн арай гайгүй болж гэртээ гараад хэд хоноод буцаад ирдэг нь хэцүү гэж байв. Бүгшүүлэн ханиаж, халуурсандаа байж ядан яраглан уйлалдах хүүхдүүд, хөлсөө гоожуулан хүүхдээ аргадан суух эцэг, эх. Ийм л дүр зураг Баянзүрх дүүргийн Яаралтай тусламжийн төвд шөнөжингөө үргэлжилдэг аж. Баянзүрх дүүрэг хамгийн томд, хамгийн олон хүн амтайд тооцогддог. Гэтэл дүүргийн Яаралтай тусламжийн ганц төвөөр дан ганц хүүхдүүд үйлчлүүлэхгүй. Хордсон, таталт өгсөн, даралт ихэссэн, зүрх нь өвдсөн гэх томчууд ч тасрахгүй. Эмнэлгийн, эмч нарын ачаалал үнэндээ хэрээс хэтэрчээ. Ийм дүр зураг ганц Баянзүрх бус бүх дүүрэгт байгаа. Дүүргийн эмнэлгийн ачаалал ханиад томууны энэ улиралд эрс ихэсдэг. Орны хүрэлцээ муугаас хүндийг нь авч, хөнгөнийг нь гэр рүү буцаахаас аргагүй байдаг талаар эмч нар учирлаж байлаа. Жилийн жилд ханиад томууны улиралд энэ бүхэн давтагддаг ч дээрдсэн зүйл даанч алга байгаа нь харамсалтай.
Сэтгэгдэл үлдээх