Б.Энхбаяр: Нүүрсчид их сандруу, бас их мөнгөтэй байна

Өвлийн эхэн энэ сард “Нүүрсний” хулгайтай холбоотой жагсаал цуглаан өрнөх боллоо. Энэ удаагийнх 2023 оны арванхоёрдугаар сарын 2-нд “Мартаж үл болно” нэртэйгээр Төв талбайд болох зар түгээд эхэллээ. Үүгээр Монгол Улсад үйлдсэн, ард түмний ирээдүйн боломжийг хулгайлсан бүх хулгай, луйврыг мартаж үл болохыг сануулах юм байна. Өнгөрсөн оны энэ үед буюу арванхоёрдугаар сарын 4-нд "Нүүрсний хулгай"-г илрүүлэх жагсаалыг улс даяар зохион байгуулж,  20-иод хоног үргэлжилж, АТГ Нүүрсний хулгайчаар 17 хүнийг нэрлэж, олонд зарласан ч өдгөөг хүртэл бодитоор хариуцлага тооцсон нь нэгээхэн үгүй. Тиймдээ ч Мартаж үл болно нэртэйгээр хариуцлага тооцохыг шаардан жагсаалыг үргэлжлүүлж байгаа гэж ойлгогдохоор байна.

Хамгийн гол нь энэ удаагийн жагсаал “Нүүрсний” сонсголтой давхцаж байгаагаараа анхаарал татаж буй юм. Нүүрсний хэргийн луйварчид сонсголоор бүх булхай, луйвар нь илэрнэ гэж эмээгээд жагсаал цуглаан зохион байгуулж, нийгмийн анхаарлыг өөр зүйлд хандуулах гэсэн башир арга ч байж болох талтай. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: “Нүүрсчид их сандруу, бас их мөнгөтэй байна. Сүүлийн үед асар их мөнгийг хэвлэл мэдээлэл рүү цутгаж байна. Гөлөг төөрүүлэх санаархал гаргаж байна. Тиймээс нотлох баримтын эх сурвалжтай, хянан шалгагчийн ажлыг эрчимжүүлж байж, энэ ажлын ард гарна. Нүүрсний хулгайг шалгах ажиллагаа зогсохгүй. Цаг хугацаанд хавчигдаж, дуусгахгүй” хэмээж байв.

Үүнээс харахад үнэхээр л энэ удаагийн жагсаалын ард нүүрсчид байгаа гэх таамаглал бодит болохоор байна. Үнэн бол тэд үнэхээр сандарч байна, бас мөнгөтэй байна.

Өнгөрсөн жилийн жагсаалын цаана нүүрсчид л байсан. Нүүрсний хулгайтай холбоотой УИХ-ын нийтийн сонсголд оруулсангүй хэмээн хэсэг залуус Төрийн ордны гадна хувцсаа тайлж, нүцгэлэн, цаг гаруй эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгвэл тэднийг ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц болон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нар санхүүжүүлсэн гэх мэдээлэл тархаж, тэд ч хүлээн зөвшөөрөөгүйгээр үл барам ийм худал мэдээлэл цацсан хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна гэж байв. Нээрээ шалгуулсан болов уу. Лав л тэднийг жагсаал санхүүжүүлсэн гэдэг нь худал байжээ гэсэн аль ч шатны шүүхийн шийдвэр гараагүй нь харин үнэн.  

Өнгөрсөн жилийн нүүрсний жагсаал эцэстээ хэрхсэн нь тодорхойгүй тэгсхгээд замхарсан. Харин энэ удаагийн “Нүүрсний” сонсголыг сарниулах гэсэн нүүрсчдийн ов мэхэнд иргэд авталгүйгээр дотроо бодолтой, дороо суурьтай хандаасай билээ.