VOA: Н.Өнөрцэцэгийг хорьсон нь улс төрийн зорилготой гэж үзэж байна

Америкийн томоохон хэвлэл “Voice of America” сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар мэдээлжээ.

Уг нийтлэлд “ Монголд сэтгүүлчид шоронд хоригдох тохиолдол ховор байдаг тул тус улсын хамгийн нөлөө бүхий сурвалжлагчдын нэг Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон нь хэвлэл мэдээллийнхэн болон ард иргэдийг цочроож байна.

Н.Өнөрцэцэг албан тушаалтнуудын араас хөөцөлдөхөөс айдаггүй сурвалжлагч гэдгээрээ нэр хүндээ сийлж чадсан. Түүнийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 4-ны өдөр цагдан хорьж нэг сарын хугацаатай хорих шийдвэр гаргасан ба Зариг мэдээллийн хуудас руу нэвтрэх эрхийг Монгол дотор хэсэг хугацаанд хаажээ.

Дараа нь шүүхээс цагдан хорих хугацааг хоёр сар болгон сунгаж энэ баасан гарагт Зариг редакцад нэгжлэг хийсэн байна. Сэтгүүлчийг 10 зүйл ангиар буруутгаж байгаа бөгөөд хэрэв гэм буруутай нь нотлогдвол найман жил хүртэлх ялаар шийтгүүлэх талаар өмгөөлөгч П.Эрхэмбаяр хэллээ.

Олон улсын болон дотоодын хэвлэлийн эрх чөлөөний байгууллагууд энэ баривчилгааг улс төрийн зорилготой гэж буруутгаж байна. Мөн тус улс энэ онд парламентын сонгууль явуулахаар болсонтой ч холбоотой талаар эргэлзээ төрж байгаагаа илэрхийлсэн байна.

Н.Өнөрцэцэг хоригдохоосоо өмнө түүний хэргийн мөрдөн байцаалтыг нээлттэй явуулахыг уриалж байсан тухай англи хэл дээрх “UB Post” сонинд бичжээ. Н.Өнөрцэцэг “Сэтгүүлч хүн чимээгүй болвол ардчилсан нийгмийн үнэт зүйл алга болно. Үүнд цаг хугацаа орж магадгүй ч үнэн заавал ялдаг гэдгийг харуулах болно” гэснийг бид онцолж байна” хэмээн бичжээ.

Б.Хулан