Өчигдөр буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр нийслэл хотод цас орсонтой холбоотойгоор нэгдүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээний 22 байгууллага нийт 49 техниктэйгээр 22 тн давс, 12.5 тн бодис, 9.5 шоо метр дайрга цацаж, нийт 437 инженер техникийн ажилчид ажилласан байна. Тодруулбал, Баянзүрх эко тохижилт ОНӨААТҮГ Зүүн дөрвөн зам, Намъянжугийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Офицерийн тойрог, Чулуун овооны тойрог, Амгалангийн зам, Дотоод хэргийн их сургуулийн баруун талын замд нийт дөрвөн тн бодис цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг хийжээ.
Сүхбаатар дэвшил менежмент ОНӨААТҮГ дүүргийн зургаа, ес, 14, 16 дугаар хороонд авто замын өгсүүр, уруу хэсэг, уулзварууд болон халтиргаа ихтэй хэсэгт давс, бодис цацсан бол Бэлх, Сэлх чиглэлийн явган хүний замыг цэвэрлэж, 100 айл, Цагдаагийн гудамжны замын цэвэрлэгээнээс гарсан цасыг ачин тээвэрлэжээ.