Оны эцэс гэхэд дэлхийн улс орнуудын талаас илүү хувь нь улаанбурханаар өвчлөх эрсдэл өндөртэй байна гэж ДЭМБ анхааруулжээ.
Ковид-19 жилийн хугацаанд вакцин хийгээгүйгээс болж сүүлийн жилүүдэд дэлхийн ихэнх бүс нутагт гоц халдварт өвчний тохиолдол нэмэгдэж байгаа аж. Дэлхий даяар улаанбурхан өвчний эсрэг вакцинжуулалтын хамрагдалт одоогоор 83 хувьтай байгаа нь уг өвчний халдварыг зогсооход шаардлагатай 95 хувьд хүрэхгүй байна. ДЭМБ-ын мэдээлснээр 2024 онд 142 сая орчим хүүхэд улаанбурхан өвчний халдвар авах магадлалтай байгаагийн олонх нь бага болон дунд орлоготой орнуудад байна.
ДЭМБ-ын мэдээлснээр улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2023 онд 300 мянга болж, 2022 онтой харьцуулахад 79 хувиар өссөн байна. Сүүлийн үед Америк, Австрали, Африк, Төв Ази, Европт халдварын тархалт бүртгэгдэж, 2024 оны эхний хоёр сард халдварын тоо 2023 оны мөн үетэй харьцуулахад 44 дахин их байна. Их Британид улаанбурханы өвчлөл 1990-ээд оноос хойших хамгийн дээд түвшиндээ хүрчээ. Аравдугаар сараас хойш Англид лабораториор батлагдсан 347 тохиолдол бүртгэгдсэн бол 2022 онд ердөө 53 тохиолдол бүртгэгдсэн байна. Улаанбурхан нь ямар ч насны бүлэгт нөлөөлж болох ч таваас доош насны болон 30-аас дээш насны хүмүүст хүндрэл нь илүү хурц байдаг. Хэрэв жирэмсэн үедээ өвчилсөн бол амьгүй төрөлт, зулбах, дутуу төрөх зэрэгт хүндрэл үүсдэг. Шинж тэмдгүүд нь ихэвчлэн вируст өртсөнөөс хойш 10-14 хоногийн дараа эхэлдэг бөгөөд тод тууралт гарах, ханиалгах, нүд улайх, нулимс гоожих, хацрын дотор талд жижиг цагаан толбо үүсэх зэргээр илэрдэг. ДЭМБ 2022 онд дор хаяж 130 мянган хүн улаанбурхан өвчнөөр нас барсан гэж таамаглаж байгаа бөгөөд халдвар нэмэгдэх тусам нас баралтын тоо 2024 онд илүү их байх төлөвтэй байна.