Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол цэргийн баярын энэ өдөр эх орныхоо хилийн манаанд зогсож, эх орноо манаж яваа хилчин дайчдаараа бахархана. Монгол цэргүүд дэлхийд хүлаээн зөвшөөрөгдөж, Сьерра Леон, Косово, Афганистан, Чад, Судан зэрэг улсад НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт гар бие оролцон монгол цэргийн ур чадварыг харуулсаар байгаа билээ.
БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай тогтоол гарчээ. Энэ хурлаас 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Монгол ардын хувьсгалт цэрэг нь Монгол Ардын хувьсгалын голомт Хиагт буюу одоогийн Алтанбулаг хотыг чөлөөлж, анхдугаар ялалтаа байгуулсан учир энэ өдрийг “Хувьсгалт цэргийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэдэг. Улмаар жил бүр улс нийтээр ёслон өнгөрүүлж байхыг тогтоолд тусгаад жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг цэргийн бүх албан хаагчдын амралтын өдөр болгон өнгөрүүлдэг болсон билээ.
Харин 2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна.