Ус цаг уур, орчны шинжилгээний албаны түүх 1924 онд 3 дугаар сарын 23-нд Судар бичгийн хүрээлэнд Монголын их соён гэгээрүүлэгч, нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний санаачилгаар “Огторгуй одон гариг ба цаг уурыг шинжлэх салаа” нэртэйгээр байгуулан нийслэл Их хүрээ, Сонгинын буланд цаг уурын хоёр өртөө байгуулснаар эхэлсэн түүхтэй.
Ингэснээр Монгол Улсад шинжлэх ухаанд суурилсан ус, цаг уурын ажиглалт, хэмжилтийн сүлжээний суурь тавигджээ. Өнгөрсөн түүхийн хугацаанд байгаль, цаг агаарын аюул гамшгийг үл хайхран ус, цаг агаар, орчны төлөв байдал, чанарыг тасралтгүй ажиглаж, хэмжиж байдаг ажиглагч нарын хичээл зүтгэлийн үр дүнд бид “Их өгөгдөл”-ийн санг бүрдүүлээд байна. Уг сангийн үр дүнд салбарын үйл ажиллагааны суурь болсон эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэн хөгжүүлж салбараас Монголын төдийгүй дэлхийд нэртэй эрдэмтэн судлаачид төрсөөр байгааг өнөөдөр болсон Ус цаг уурын албаны 100 жилийн ойн баярын хурлаар онцоллоо.
Сүүлийн жилд Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын хөрөнгө оруулалт сүүлийн 20 гаруй жилд байгаагүйгээр нэмэгджээ. Тодруулбал, 16 орчим тэрбум төгрөг, урсгал зардал 66 тэрбум болж, цаг уурын улсын сүлжээний автоматжуулалт эрчимжиж, усны судлалын улсын сүлжээний автоматжуулалтын ажлын эхлэл тавигдав. Мөн радарын сүлжээгээ өргөтгөх боломж гарч, албан хаагчдын нийгмийн баталгаа сайжирч, төрийн үйлчилгээний мэргэжлийн ангилалд орсон зэрэг түүхэн амжилтаар түүхт 100-н жилийн ойг тэмдэглэж байна.