Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар залилж, улмаар шалгуулж байхдаа оргон зайлсан Б.Бямбадоржийг цагдаагийн байгууллагаас 2022 оны долоодугаар сард Ховд аймагт орогнон нуугдаж байхад нь олж дайчлан баривчилж, цагдан хорьсон. Тэгвэл Б.Бямбадорж нарт холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусаад прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Хэргийн талаар эргэн сануулахад, Бямбаагийн Бямбадорж нь “Шангрилла Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 432 дугаар салбараас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэ Лайт” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, тус байгууллагын данснаас 2,000,000 /хоёр сая ам.доллар/-ыг залилан авсан байдаг.
Нийслэлийн прокуророос Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар залилсан Б.Бямбадорж, Э.Золхүү, Б.Баттулга, Ц.Ариунтамир нарын есөн хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3-1 /залилах/, 17.5-1 /алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших/, 23.2-2 /хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/ гэсэн арав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Энэхүү хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 17-ны өдөр товлосон байна.