Цагдаагийн байгууллагаас 1xBet-ийн агентаар ажилладаг 100 гаруй холбогдогчийг тогтоон шалгаж байна

Цагдаагийн байгууллагаас 1xBet цахим мөрийтэй тоглоомоор залилан үйлдсэн байж болзошгүй 100 гаруй холбогдогчийг илрүүлэн шалгаж,  ашиглаж байсан эд хэрэгслийг хураан авчээ. Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуульд, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг цахим хаяг тусгай зөвшөөрөлтэй байх ёстой ч 1xBet нэртэй цахим хаяг нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг бооцоот тааврын сайтад иргэдийн хийж байгаа бооцоог таталт хийдэг агент гэх нэршилтэй 100 гаруй иргэнийг эхний байдлаар тогтоон шалгалтын ажиллагааг явуулж  байгаа аж.

Тодруулбал, бооцоот тоглоом тоглосон иргэд данс руу мөнгө хийдэг. Тус мөнгөнөөс нь агентууд тодорхой хувь авч, хууль бусаар орлого олдог байна. Энэ нь мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжтэй аж. Тиймээс иргэд энэ төрлийн цахим хаягуудад анхааралтай хандах хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ. Ялангуяа залуус энэхүү мөрийтэй тоглоомд донтон, залуу гэр бүл олноороо татагдан орсон гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.