Ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс зургаан хувиар нэмсэн. Атал үүнийг дагаад өргөн хэрэглээний болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ 10-35 хувиар нэмэгджээ. Ялангуяа монголчуудын уламжлалт Цагаан сар дөхөж буй энэ цагт махны үнэ тэнгэрт "хадаж, ахмадууд шогширч сууна.
Тухайлбал, Баянзүрх хүнсний захад хонины мах кг нь 15-16 мянган төгрөг, үхрийн мах 20-21 мянган төгрөгт хүрчээ. Хамгийн гол нь үнэд орсон ч нийлүүлэлт, олдоц муу байгаа аж. Цагаан сарын бууз баншныхаа махыг базаах гэсэн ахмадууд "Мах үнэд орсон ч туранхай, дийлэнх нь яс байна. Үнэтэй авч байгаа юм сайныг авмаар байна" гэцгээж байна. Махаа үнэтэй ч өглөөгүүр л амжиж авахгүй бол үдээс хойш иргэдийг хоосон лангуу л угтаж байгаа аж.
Харин Баянзүрх захын махын худалдаачид "Махны үнийг бид нэмээгүй. Ченжүүд үнээ нэмсэн болохоор яах ч аргагүй. Хөдөө орон нутгийн иргэд нийслэл рүү шинэ мах оруулж ирдэг ч ченжүүд замаас нь худалдан авч бидэнд өндөр үнээр өгч байна.Цаашид ч махны үнэ өснө үү гэхээс буурахгүй. Одоо ч махны нөөц бага байна" гэлээ.
Тэгэхээр уламжлалт баяр Цагаан сараар мах, ууцны үнэ "тэнгэрт хадах" шинжтэй байна. Мөн хөдөө орон нутгаас амьд хонь нийслэлд авчирч зарах тохиолдол ихэсчээ. Хэдийгээр амьд хонийг нийслэл рүү оруулахыг хориглосон ч сиймхийгээр нь оруулж ирэн эр хонийг 320 мянган төгрөгөөр борлуулж байна.