ЦЕГ-аас дараах мэдэгдлийг гаргалаа.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын тавдугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр хоёр настай хүүхэд алга болсон гэх мэдээллийг 20 цаг 40 минутад цагдаагийн байгууллага хүлээн авч, эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.
Ц.Пүрэвсайхан нь цайвар шар царайтай, толгойдоо 10 см орчим урттай, хоёр сүлжсэн шаргал өнгийн үстэй, 80 см орчим өндөртэй, 18 кг орчим жинтэй, алга болох үедээ хөх өнгийн цамц, хар өнгийн өмд, зурган дээрээ харагдаж байгаачлан улаан оруулгатай цагаан өнгийн пүүзэн гуталтай явсан.
Эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчид болон үнэрлэх, эрэн хайх чиглэлээр бэлтгэгдсэн нохойнууд, төлөөлөгчдийн хамт нэмэлтээр үүрэг гүйцэтгэн, холбогдох байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж байгаа болно.
Одоогоор алга болсон бага насны хүүхэд олдоогүй, иргэдийн төрөл бүрээр таамаглаж байгаа шиг нөхцөл байдал тогтоогдоогүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Сураггүй алга болсон хоёр настай хүүхэдтэй холбоотой мэдээллийг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалын дагуу иргэдээс мэдээлэл төлбөртэй авна.
Мэдээллийг чанд хадгална. Мэдээлэл авах утас: 7038102
Сэтгэгдэл үлдээх