А.Амартүвшин: Үе тэнгийнхнээ дээрэлхвэл хувийн хэрэгт нь бичих хүртэл арга хэмжээ авдаг болно

Дээрэлхэлт өмнө сургууль, дотуур байранд зонхилон гарч байсан бол өдгөө  цахим ертөнцөд  тасралтгүйгээр үргэлжилж байна.  Нийслэлийн удирдлагууд болон олон улсын байгууллагууд энэхүү асуудлыг сүүлийн хоёр жил судалж, тодорхой арга хэмжээ авахаар шийдвэрлэж буйг  Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцууллаа. Тэрбээр "Үе тэнгийнхэн дээрэлхэлтийг зогсооход гурван чиглэлээр ажиллахаар боллоо.

Хүүхдүүд нэгнээ

  • аман байдлаар буюу доромжлох
  • бие махбодын буюу цохих, зодох
  • цахимаар дээрэлхэж байна. Энэ бүрд тухайлсан арга хэмжээ авна.

Аман дээрэлхэлтийг зогсооход хувийн хэрэгт тэмдэглэл оруулна. Хүүхдүүд нэгнийгээ элдэв үгээр доромжилж байгааг нь тогтоовол хувийн хэрэгт  нь үе тэнгийнхнээ дээрэлхсэн гэж бичнэ. Ингэж эцэг, эхийг хариуцлагажуулна. Танай хүүхэд бусдыгаа ингэлээ тэглээ гэж хэлэхээр эцэг эхчүүд нь нэг чихээрээ оруулаад, нөгөөгөөрөө гаргадаг. Хэрэв хувийн хэрэгт тэмдэглэл орвол цаашид их дээд сургуульд орох, гадаад сурч боловсроход бэрх болох учраас эцэг, эхчүүд хүүхдүүддээ онцгой анхаарч эхэлнэ. Гэхдээ нэг тохиолдол гарангуут л бичээд байхгүй. Хүүхдэд сануулна, сэтгэл зүйчтэй ярилцана, яагаад дээрэлхэж байгаа учир шалтгааныг тогтооно, эцсийн шат бол хувийн хэрэгт нь бичнэ" гэлээ.

Мөн цахим дээрэлхэлтийг зогсоохын тулд 18 хүртэлх насныхны олон нийтийн сүлжээний хаягт харагдах контент, мэдээлэл хязгаарлах саналыг оруулж байгаа аж. 

Сэтгэгдэл үлдээх