Туркийн өмнөд нутагт үерийн улмаас амиа алдагсдын тоо өсч, 27-д хүрчээ. Энэ талаар Туркийн Гамшиг, онцгой байдлын удирдлагын газраас Баасан гариг (2021.08.13)-т мэдээлэв.
Тус газраас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Кастамону мужийн 25 иргэн, Синоп мужийн хоёр иргэн үерт өртөж амиа алджээ. Сураггүй алга болсон, Бартын тосгоны оршин суугчийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган өнгөрсөн Пүрэв гаригт үерийн улмаас нийт 17 хүний амь хохирсон талаар мэдэгджээ. Тэрбээр “Бид үерт нэрвэгдсэн бүс нутаг дахь иргэдээ авран хамгаалах, нийтийн тээврийн сүлжээг эргэн хэвийн болгох, байгалийн гамшгийн улмаас сүйдсэн хохирлыг барагдуулахын төлөө өдөр, шөнийг үл хайхран ажиллаж байна” гэж хэлсэн байна.
Тус улсын баруун нутгаар ой хээрийн түймэр дэгдэж, их хэмжээний газар нутгийг хамраад буй билээ. Харин тус улсын хойд нутгаар энэ сарын 11-ний өдөр их хэмжээний усархаг аадар бороо үргэлжлэн орж, үер усны гамшиг нүүрлэж, хөрсний гулгалт үүсэн, автомашинууд, барилга байшингууд өртсөн байна. Түүгээр ч зогсохгүй үерийн усны улмаас гүүр, зам талбай эвдрэн сүйрч, цахилгаан дамжуулах шонгууд унажээ.
Орон нутгийн гэрчүүдийн хэлснээр, хүн ам оршин суудаг суурьшлын газар хэдхэн хормын дотор үерийн усанд автаж, зарим газарт үерийн усны түвшин 3-4 метрт хүрсэн байна. Байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсэд аврах, сэргээн босгох ажиллагаа эрчимтэй явагдаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Бартинд 323 хүн, Кастамонуд 925 хүн, Синопт 472 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх