ОХУ-д хүнийг баавгайтай андуурч буудсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 2-ны өдөр Усть-Большерецкий дүүргийн Озерновский тосгоны ойролцоо Игорь Редкин гэгч хогийн цэг рүү баавгай айлгах гэж буудаж байгаад тэр хавиар явж байсан хүнийг бууджээ. Буудуулсан иргэн эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа нас барсан байна. Хэрэг гарснаас дөрвөн хоногийн дараа хэрэгтэн хэргээ хүлээсэн болохыг Мөрдөн байцаах хорооны бүс нутгийн гүйцэтгэх захирал мэдэгджээ. Энэ хэрэгтэй холбогдуулан улстөрч Игорь Редкинийг гэрийн хорионд байлгаж байгаа бөгөөд хөл хорио аравдугаар сарын 6-ныг хүртэл үргэжлэх аж.
Гэвч энэ нь ерөнхийлөгч Владимир Путины Нэгдсэн Орос намын гишүүн Игорь Редкинд тохиолдсон цорын ганц золгүй хэрэг биш юм. Тодруулбал, түүний эзэмшдэг хувийн компаний нисдэг тэрэг өчигдөр Оросын алс дорнод хэсэгт орших Камчатка хойгийн нууранд унаж осолджээ. Камчатка дахь Онцгой байдлын яамны хэвлэлийн албанаас “Тасс” агентлагт хэлэхдээ "2021 оны наймдугаар сарын 12-ны өдөр Москвагийн цагаар шөнийн 00:50 цагт “Витяз-Аеро” компанийн "Ми-8" нисдэг тэрэг Кроноцкийн дархан цаазат газрын Куриль нуурын ойролцоо осолдсон тухай мэдээлэл ирсэн” гэжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам аврах ажиллагаанд зориулж Ми-8 нисдэг тэрэг болон усан доогуур хайгуул хийх гурван төхөөрөмж ослын газар руу яаралтай илгээжээ. Нисдэг тэргэнд сууж явсан найман хүнийг аварсан боловч өөр найман хүн сураггүй алга болсон бөгөөд тэднийг нас барсан гэж таамаглаж байгаа аж. Ийнхүү энэ цочирдом мэдээний хажуугаар аллагын хэрэгт буруутгагдсан Игорь Редкинийг Нэгдсэн Орос намаас хөөсөн байна. Намын ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч, Төрийн думын депутат Евгений Ревенко “РИА” агентлагт өгсөн ярилцлагадаа "Хэрэг хэдийгээр санаандгүй байдлаар гарсан ч манай намын зүгээс эрүүгийн хэрэгт холбогдсон гишүүнийг гишүүнээс түдгэлзүүлэх бодлого баримталдаг” гэжээ.
Сэтгэгдэл үлдээх