Хятадын Авлигатай тэмцэх дээд агентлагийн ахлах байцаагч асан Дун Хонг 460 сая юань (71 сая ам.доллар)-ийн хахууль авсан хэрэгт буруутгагдаж байна. Дун Хонг нь ХКН-ын авлигатай тэмцэх дээд байгууллага болох “Сахилга бат шалгах төв комисс”-ын төв хяналтын багийн дэд даргын албыг 2018 он хүртэл хашиж байгаад тэтгэвэртээ гарчээ. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал Циндао хотын Ардын Дундад Шүүхэд Пүрэв гаригт болов. Мөн Хятадын дэд дарга Ван Цишаний хувийн туслах байсан түүнийг шүүх ажиллагааг олон нийт тун их анхаарч байна.
Прокурорууд 67 настай Дуныг сүүлийн 20 жилийн хугацаанд хашсан бүхий л албан тушаалаа урвуулан ашиглаж, шууд болон гуравдагч этгээдээр дамжуулан нийт 460 сая юанийн хахууль авсан гэж үзжээ. Тодруулбал, 1999 онд Ван Цишаний нарийн бичгийн даргаар ажилласан үеэс эхлэн Хайнань мужийн намын хороо, Бээжин хотын захиргаа, намын Утга зохиол судлалын төв, Сахилга бат шалгах төв комиссын төв хяналтын багт удирдах албан тушаал тус тус хашихдаа хээл хахууль авч байсан нь тогтоогдсон аж.
Шүүх ажиллагааны үеэр Дуныг гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаагаа илэрхийлснийг онцлов. Шүүх хуралд ердийнхөөс цөөн хүн буюу Ардын төлөөлөгчдийн их хурлын депутатууд, Хятадын ардын улс төрийн зөвлөлийн гишүүд болон сэтгүүлчдээс бүрдсэн 20 хүн оролцсон байна. Үүнтэй төстэй авлигын хэргийг хянаж байсан Хятадын хуульчийн хэлснээр Донд цаазаар авах, эсвэл бүх насаар нь хорих ял оноож магадгүй аж. Тэрбээр “Өвөр Монголын олон нийтийн аюулгүй байдлын албаны дарга асан Шин Юн 449 сая юанийн хахууль авсан хэргээр 2019 онд цаазын ял сонссон. Дуны хэрэг үүнтэй төстэй харагдаж байна” гэжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард түүний намын гишүүнчлэлийг халж, бүх тэтгэвэр, тэтгэмжийг хассаны дараа хэргийг нь шүүхэд шилжүүлж байв. Авлигын хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтнуудын ажлын намтрыг шүүх ажиллагааны үеэр нарийн дурддаг боловч Дуны хувьд нарийн мэдээлэл өгөөгүй байна. Дуныг мөн үнэтэй клубээр үйлчлүүлж, дайллага цайллагад оролцох зэргээр албан үүрэгт нь харшилж болзошгүй үрэлгэн байдал гаргадаг байсан гэж буруутгаж буй юм. Энэ удаагийн шүүх хурлаар түүнд ял төлөвлөөгүй байна.
Сэтгэгдэл үлдээх