Цахим шилжилт нь зөвхөн технологийн асуудал биш юм. Холбогдох харилцааг зохицуулсан хууль тогтоомж, дүрэм журам буюу процесс, ажиллуулж чаддаг, ашиглаж чаддаг хэрэглэгч, тохиромжтой технологийн шийдэл нийлж байж цахим шилжилт амжилттай хэрэгжинэ.
Тиймээс өнөөдөр манай улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй 109 хуульд цахим шилжилтийг тусгасан нэмэлт, өөрчлөлтийг боловсруулж, Улсын их хурлаар хэлэлцүүлэн батлуулж, энэ жилийн 3 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхлээд байна. 109 хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шийдсэн гол өөрчлөлтүүдийн нэг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд цаасан болон цахим эх хувийг адил тэнцүү, аль түрүүлж үүссэн хэлбэрийг нь эх нотлох баримтаар тооцох зохицуулалтыг тусгасан.
Энэ өөрчлөлт нь шүүхийн цахим шилжилтэд маш том дэмжлэг, суурь нөхцлийг нь хангаж өгч байна. Тухайлбал шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргахдаа цахим хэлбэрээр, “e-Mongolia”-аар, киоскоор дамжуулан гаргаж болно. Үүнийг хэвлэхгүй, цахим хэлбэрээр нь ХУР-аар дамжуулан шүүхийн системд илгээх, бусад нотлох баримт, лавлагаа тодорхойлолтыг албаны цахим шуудан, лавлагаа системээс мөн цахим хэлбэрээр нь бүрдүүлэн авч цахим хавтаст хэрэг бүрдүүлэх боломжтой.
Цаашид хэрэг хянан шийдвэрлэх процессын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.