Театрт биеэ авч явах соёл, хэвшүүлэх дүрэм

Театрт биеэ авч явах соёл, хэвшүүлэх дүрэм:
  • Тоглолт эхлэхээс 15 минутын өмнө ирж өөрийгөө бэлдэн тухайн өдрийн театрын галерейтэй танилцаж суудлаа эзэлдэг.
  • Тасалбарыг эрэгтэй нь шалгуулж ордог бөгөөд ямагт эмэгтэйгээ түрүүлж оруулна.
  • Үзэгч өлгүүрт хувцасаа заавал өгөх бөгөөд таны хувцас өлгүүргүй байх нь бүдүүлэг хэрэг болно.
  • Үзэгч үзвэр үзэхээр орохдоо зөвхөн өлгүүрийн хажуугийн толинд өөрийгөө харж цэгнэн хувцасаа янзалдаг.
  • Эмэгтэйчүүд театрт очихдоо театрын цүнх буюу жижиг цүнх барих ёстой.
  • Театрын танхим гол танхим, лоож, бэльэтаж гэсэн гурван хэсгээс бүрддэг. Лоожид сууж байгаа бол урд талын хөндлөвч хаалтан дээр гараа тавьдаггүй. Мөн эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ялгаагүй хөлөө ачиж суудаггүй.
  • Та суудалдаа хүрэхийн тулд хүмүүсийн өмнүүр явах шаардлагатай бол нүүрээ харуулан хүмүүстэй зөрөх хэрэгтэй. Сууж байгаа бол орж ирж байгаа хүнд босч хойшоо налж зам гаргаж өгөөрэй. Хэрэв та захад сууж байгаа бол хажуу тийшээ гарч хүнээ оруулаарай.
  • Үзвэр үзэхээр орохдоо аль болохоор юм идэхгүй байх. Ялангуяа шажигнасан дуутай, ууттай, үнэртэй зүйлс авч орохгүй байх.
  • Содон, нялуун үнэртэй сүрчиг хэтрүүлж хэрэглэхгүй байх.
  • Мөн үзвэрийн үед аль болохоор зургийн аппарат, гэрэл гэнэт гаргадаг зүйлс хэрэглэхгүй байх. Энэ нь балетийн үед хамаатай, ялангуяа анхаарлаа төвлөрүүлээд бүжиж байгаа тэдэнд энд тэндээс гэнэт гэрэл гялс хийхэд анхаарал сарниж алдах, унах, үүнээс болж гэмтэх зэрэг эрсдэл их байдаг гэдэг.
  • Дуурь, балет үзэхдээ тогтвортой сууж сураагүй балчир хүүхэд, удаан суухаараа унтаад хурхирдаг хүн, гар утсаараа байнга оролддог хүн, чимээгүй сууж чаддаггүй хүн, ямар нэг тоглолт үзэхээрээ дагаж дуулах, эсвэл бүжиглэх гэж оролддог хүмүүстэй хамт явахгүй байсан нь дээр. Учир нь тоглолтын дундуур бусдын амар тайван байдлыг алдагдуулж, асуудал үүсгэж болзошгүй юм.
  • Ёслолын хувцас өмсөх нь нийтлэг жишиг хэдий ч өнөө үед энгийн хэрнээ ихэмсэг хувцаслахад л хангалттай. Тоглолт болгон өөр өөрийн өнгө аястай байдаг бөгөөд үүнээсээ шалтгаалан зарим үзвэрүүд онцлогт нь тохируулан хувцаслахыг зөвлөсөн байдаг. Тийм учраас үзвэрийнхээ онцлогийг нь лавлаж байгаарай.
  • Үзвэр эхлэхээс өмнө гар утас, дуут төхөөрөмжүүдээ унтраах эсвэл дуугуй болгох хэрэгтэй. Найтаалгах, нусаа татах зэрэг санамсаргүй зүйлс нь таныг эвгүй байдалд оруулж болзошгүй. Иймээс тоглолтон дээр амны алчуур авч ирэх хэрэгтэй.

Алга ташилт бол хамгийн том соёл.

Алгаа гурван янзаар ташдаг. Хагас – Англи маягийн эхэмсэг ташилт, Дунд, Бүтэн буюу эмоцитой, орос маягийн ташилт. Эхлэл, жүжигчид ёслох агшин, төгсгөл энэ үед мэдээж алга ташина. Алга ташихдаа ихэвчлэн зүүн гарыг хагас атган алганы хэсгийг дээш харуулан баруун гарын дөрвөн хуруугаар ташина.

Үзэгчийг алгаа хэр нугалсан байгаагаар болон хэр гараа өргөж ташиж байгаагаар тоглолтыг хэрхэн үнэлж байгааг мэдэх боломжтой. Балетын үед үзэгчид гайхалтай бүжиг бүрийн дараа болон хосоороо үзүүлсэн бүжгийн дараа, эсвэл гоцлол бүжгийн дараа алга ташина. Бүжигчин нэг хөл дээрээ удаан эргэх юм уу, уналгүйгээр агаарт эргэлт хийж чадсан үед үзэгчид бүжгийн дундуур алга таших тохиолдол гардаг. Харин дуурийн үзэгчид тэр бүр алга ташдаггүй, зөвхөн гайхалтай дуулалтын дараа л ташдаг.
Тоглолт дууссаны дараа, хөшиг хаагдсан ч бушуухан шиг гарах гэж яарах хэрэггүй. Учир нь удирдаач болон жүжигчид тайзан дээр гарч ирэн ёслохыг хүлээх хэрэгтэй. Эхлээд туслах дүрүүд, түүний дараа гол дүрүүд, хамгийн сүүлд удирдаач ёсолно. Дуустал нь тэдэнд баяр хүргэхээ мартуузай.
Ингээд эцэст нь "Чиний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг" хэмээх үгийг сануулахад илүүдэхгүй биз ээ...
Ц.Мөнхбаяр