Эрдэмтэд дэлхийгээс жижиг, сугараас том хүн амьдрах боломжтой гараг олж, нээжээ

 "The Astrophysical Journal Letters and Monthly" сэтгүүлд пүрэв гарагт нийтлэгдсэн хоёр судалгааны дагуу биднээс 40 гэрлийн жилийн зайд орших жижиг одыг тойрон эргэж буй дэлхийгээс арай жижиг ч Сугар гарагаас том, онолын хувьд амьдрал байх боломжтой гарагийг нээснээ зарлажээ. "Gliese 12b" гэж нэрлэсэн уг гараг нь Загасны ордонд байрладаг хүйтэн, улаан, одой одыг тойрон эргэдэг ба уг од нь нарны 27 хувьтай тэнцэх овор хэмжээтэй, 60 хувьтай тэнцэх температуртай ажээ. Ийм жижиг хэмжээтэй одыг "Gliese 12b" гараг 12.8 хоногт нэг бүтэн тойрдог байна. Уг зай нь шингэн төлөвтэй ус орших боломжтой хэмжээ юм. Одоогоор эрдэмтэд гарагийн гадаргын температурыг Цельсийн 42 хэм гэж тооцоолжээ. Эрдэмтдийн нэг багийн судалгааны ажлын тайлан пүрэв гарагт “The Astrophysical Journal” сэтгүүлд, нөгөө багийн тайлан мөн өдөр “Monthly Notices of the Royal Astonomical Society” сэтгүүлд тус тус нийтлэгдсэн юм. Тэд мэдэгдэлдээ “Бид өнөөдрийг хүртэлх хамгийн ойрхон, сэрүүн температуртай, дэлхийн хэмжээний гарагийг илрүүллээ” хэмээсэн байна. Мөн “Амьдрал оршин байх нөхцөлийг хангах магадлалтай цөөхөн хэдэн гараг мэдэгдэж байгаа. Энэхүү гариг нь тэдгээрээс бидэнд хамгийн ойр нь бөгөөд маш том нээлт юм” гэж Эдинбургийн Их сургууль, Коллеж Лондон Их сургуулийн эрдэмтэн Ларисса Палеторп ярьсан байна. "Gliese 12b" гарагийг нээхдээ тэд NASA-гийн "Transiting Exoplanet Survey Satellite" (TESS) сансрын телескопын цуглуулсан мэдээллийг ашиглажээ. Уг телескоп нь сар бүр олон арван мянган одны мэдээллийг цуглуулж байдаг юм. Одоогоор эрдэмтэд шинэ гарагийн атмосфер ямар бүтэцтэйг, бүр атмосфертэй эсэхийг ч бүрэн тодорхойлж чадаагүй байгаа гэнэ. Үүнээс шалтгаалаад шингэн төлөвтэй ус байх боломжтой эсэхийг бас хэлж чадахгүй байгаа ажээ. Ямартай ч гадаргын температур нь амьдралд таатай гэж дүгнэсэн байна.

https://www.theguardian.com/australia-news/article/2024/may/24/gliese-12b-habitable-planet-earth-discovered-40-light-years-away