Сингапурын 10 ажил олгогч тутмын бараг долоо нь ажлын дөрвөн өдөртэй болох боломжтой гэж үзэж буйг саяхан явуулсан судалгааны үр дүн харуулж байна. Ажил олгогчдын 69 хувь нь ийм зохицуулалт нь бүтээмжийн түвшинг дээшлүүлнэ гэж үзэж байна гэж ажилд зуучлагч Роберт Уолтерс компани мэдээлжээ.
Ажилтнууд илүү урам зоригтой байгаа бөгөөд тэдний 93 хувь нь ажил олгогчдоо хандан ажлын дөрвөн өдөртэй байх зохицуулалтыг хүсэж буйгаа илэрхийлсэн байна. Сингапурын ажил олгогчдын 18 хувь нь бүс нутгийн дундаж 37 хувьтай харьцуулахад ойрын хоёр жилийн дотор дөрвөн ажлын өдөртэй болохоор төлөвлөж байгаа гэж мэдэгджээ. Түүнчлэн 10 ажил олгогч тутмын хоёр нь баасан гарагт илүү уян хатан ажлын цаг санал болгоход бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. 2024 оны гурав, дөрөвдүгээр сард явуулсан судалгаанд 5000 гаруй мэргэжилтэн, компани хамрагдсан байна. Ажлын дөрвөн өдөртэй болохыг хүлээн авах түвшин Малайзад хамгийн өндөр байсан бөгөөд ажил олгогчдын 79 хувь нь ажлын дөрвөн өдөртэй болох боломжтой гэж үзсэн бол Тайланд (77 хувь), Филиппин (75 хувь) удаалж байна. Ажлын дөрвөн өдөртэй болох санаа сүүлийн жилүүдэд нэлээд хүчтэй өрнөж, зарим улс оронд томоохон хэмжээний туршилтууд явагдаж байна.
Жишээлбэл, Их Британид 2022 онд 61 байгууллага, 2900 орчим ажилчдыг хамарсан зургаан сарын туршилт хийсэн. Ажил олгогчдын тал хувь нь өөрчлөлтийг байнгын болгосон. Бельгид 2022 оноос хойш долоо хоногийн дөрвөн өдөр ажиллаж, ижил цалин авдаг болсон. Роберт Уолтерсийн судалгаагаар ажлын дөрвөн өдөртэй болсноор ажил амьдралын тэнцвэр сайжирч, гэр бүлдээ гаргах цаг уртасна гэж үзэж байна. Хүний нөөцийн үүднээс авч үзвэл зохион байгуулалт, соёлын томоохон өөрчлөлт, түүнчлэн дижиталчлал, автоматжуулалт, ажлын байрыг дахин төлөвлөх нь стратегийн өөрчлөлтөд хэрхэн нийцэж болохыг харах нэн чухал хэрэгцээ байгаа аж.