Трамп БНХАУ-ын импортын бараанд нэмэлт 50 хувийн тариф ногдуулж, 104 хувь болгохоо мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын импортын бараа, бүтээгдэхүүнд нэмэлт 50 хувийн тариф ногдуулж, 104 хувь болгохоор төлөвлөж байгааг Цагаан ордны Хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Дональд Трамп бусад улс орнуудтай хэлэлцээ хийж буй ч БНХАУ-д ногдуулах тарифыг 100 хувь давуулах төлөвтэй хэвээр байгаа аж.

Илүү өндөр тарифын арга хэмжээнд хамрагдсан 60 орчим улсын тариф АНУ-ын цагаар лхагва гарагийн 00.01 цагаас хэрэгжиж эхэлнэ. Энэ дундаас БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд хамгийн өндөр тариф ногдуулахаар төлөвлөсөн хэвээр байна.  

Мягмар гарагт БНХАУ-ын талаас эцсээ хүртэл тэмцэнэ гэсэн мэдэгдэл хийсэн бол Дональд Трамп “БНХАУ эцсийн дүндээ бусад улс орнуудын адил худалдааны хэлэлцээр байгуулахыг хүсэж байгаад итгэлтэй байгаа”-гаа илэрхийлжээ.

"БНХАУ бас хэлэлцээр хийхийг маш их хүсэж байгаа ч тэд үүнийг хэрхэн эхлүүлэхээ мэдэхгүй байна. Бид тэдний дуудлагыг хүлээж байна. Тэд утасдах л болно!" гэж Дональд Трамп мэдэгдсэн байна.

Үүнээс гадна Ази, Европын хэд хэдэн улс Цагаан ордонтой хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа зарлалаа. Дональд Трамп ч АНУ улс орнуудтай тарифыг бууруулах эсвэл цуцлах хэлэлцээ хийхэд нээлттэй байгаа гэсэн дохио өгсөн байна.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Дог Сүтэй утсаар ярилцсаны дараа БНСУ-тай худалдааны хэлэлцээр байгуулах хэтийн төлөв "сайн харагдаж байна" гэж мэдэгджээ. Японы Засгийн газрын төлөөлөгчид ч АНУ-тай хэлэлцээ хийхээр замдаа гараад байгаа аж.