Жэймс Уэбб дурангийн тусламжтай K2-18b гараг дээр амьдрал байх боломжтой молекул илрүүлжээ

АНУ-ын Сансар судлалын байгууллага /НАСА/-ын Жэймс Уэбб дурангийн тусламжтайгаар K2-18b гараг дээр амьдрал байх боломжтойг илтгэх хоёр дахь молекулыг илрүүлжээ.

Кэмбрижийн их сургуулийн эрдэмтдийн мэдээлснээр дэлхий дээр энгийн организмуудын үйл ажиллагааны үр дүнд бий болдог молекул тус гаргаас олдсон аж. Гэхдээ уг гараг дээр амьдрал байгааг батлахын тулд дахиад олон нотолгоо шаардлагатайг хэлсэн.

Энэ талаар судалгааг удирдсан профессор "Энэ бол манай дэлхийгээс гадна амьдрал оршин байж болох хамгийн том нотолгоо. Бид нэгээс хоёр жилийн дотор үүнийг баталгаажуулж чадна гэж бодож байна" хэмээн ярьжээ. K2-18b нь дэлхийгээс 2.5 дахин том бөгөөд 120 сая гэрлийн жилийн зайд оршдог.

Жэймс Уэбб дуран нь одны гэрлийг ашиглан гаргийн агаар мандлын химийн найрлагыг шинжилдэг. Үр дүнд диметил сульфид (DMS) болон диметил дисульфид (DMDS) хэмээх молекул илрүүлсэн байна. Энэ нь дэлхий дээр амьдрал байх үед л илэрдэг молекул юм.

Гэхдээ үүнийг албан ёсны нээлт гэж зарлах хэмжээний баталгаатай биш гэв. Судалгааны үр дүн 99.99999 хувь баттай байх ёстой бөгөөд үүнийг шинжлэх ухааны хэлээр "таван сигма" гэж нэрлэдэг аж. Энэ удаагийн үр дүн 99.7 хувийн баталгаатай байгаа нь шинжлэх ухааны хэмжээнд хүлээн зөвшөөрөх үр дүн биш юм.

2023 онд уг гаргаас диметил сульфид (DMS) илрүүлж байсан бөгөөд амьдрал байх боломж 68 хувь гэж үзэж байв.