“Монгол хаан” жүжиг Японд амжилттай тоглож байна

Япон Улсын Токио хотод тоглож буй “Монгол хаан” жүжгийн 16,500 тасалбар одоогийн байдлаар зарагдаж дуусчээ.

Токио хотноо 11 дэх тоглолтоо толилуулж буй тус жүжгийн продюсер Грег Сузуки “Би энтертаймент салбарт 40 жил ажиллаж байна. Энэ хугацаанд гадаад дотоодын маш олон жүжиг тоглолт дээр ажилласан хэдий ч эхний гурван өдөр тасалбар нь зарагдаж дууссан тохиолдол өмнө нь огт байсангүй” хэмээн онцолжээ.

“Монгол хаан” жүжгийг үзсэн Японы үзэгчид “Жаргаж үзлээ”, “Төсөөлж байснаас сонирхолтой байлаа”, “Сэтгэл маш их хөдлөөд одоо ч тайвширч чадахгүй байна”, “Сүр хүчийг мэдэрлээ, Монгол хэл мэдэхгүй ч гэсэн бүх агуулга нь ойлгомжтой байлаа”, “Тулааны хэсэг болон үзүүлбэрүүд нь маш гайхалтай байлаа”, “Сүрдмээр огшмоор жүжиг байна” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлжээ. “Монгол хаан” жүжиг 2025 оны 10-р сарын 20 хүртэл өдөр бүр Токио хотноо, 10-р сарын 24-26-нд Нагоя хотноо тоглоно.

Сэтгэгдэл үлдээх