Украин газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү нь удаа дараалан дайрсны улмаас ОХУ шатахууны хомсдол, үнийн өсөлттэй тэмцэж байна. Зарим бүс нутагт шатахуун түгээх станцууд дээр урт дараалал үүсэж байгаа тул Москва бензин, дизель түлшний экспортыг хориглож, хязгаарласан. Энэ алхам нь Оросын эрчим хүчнээс ихээхэн хамааралтай Төв Азийн орнуудад нөлөөлж байна.
Тажикистан улс хамгийн хүнд байдалд байна
Бараг бүх шатахуунаа Оросоос импортолдог Тажикистан улс хамгийн их хохирол амсаад байна. Москвагийн стратегийн түнш, ойрын холбоотон Тажикистан улс хоёр талын импортын гэрээний дагуу Оросоос шатахуун авч байгаа хэвээр байна. Гэвч Орос энэ зун эрчим хүчний экспортод хязгаарлалт тавьснаас хойш Төв Азийн хамгийн ядуу оронд шатахууны үнэ огцом өссөн. Одоогийн байдлаар нэг литр бензин Тажикстанд 1.30 ам.долларын үнэтэй байгаа нь бүс нутагтаа хамгийн өндөр үзүүлэлт юм. ОХУ-ын экспортын тодорхойгүй байдал нь Тажикстаныг эрчим хүчний хэрэглээний загвараа төрөлжүүлэхэд хүргэв. Душанбе ОХУ-аас жил бүр импортлох бензиний хэмжээ 2024 онд 451 мянган тонн байсан бол энэ оны эцэс гэхэд 500 мянган тоннд хүрнэ гэж Душанбе мэдэгдлээ.
Киргиз мөн эмзэг
Киргиз улс хэрэглэж буй автобензин, дизель түлшнийхээ 90 гаруй хувийг ОХУ-аас импортолдог. Москва тэргүүтэй Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орны хувьд Киргиз улс Оросын экспортын хоригт багтаагүй. Тэгсэн мөртлөө Киргиз улс зунаас хойш үнийн өсөлт, нийлүүлэлтийн саатал, түр зуурын шатахууны хомсдолд ороод буй.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Киргиз улс Оросын импортоос бараг бүрэн хамааралтай учраас эмзэг байдалд байна. Тажикистан эрчим хүчний нөөцтэй ч газрын тос боловсруулах чадваргүй. Эдийн засагч Нургуль Акимова "Эрх чөлөө" радиод "Богино хугацаанд Оросоос нийлүүлэх бодит хувилбар цөөхөн байна.Эдгээр бүх хувилбарууд нь дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд Оросын одоогийн нийлүүлэлтээс илүү үнэтэй байх болно" гэжээ.
Узбекистан бусад ханган нийлүүлэгчид рүү хандав
Узбекистан Оросын компаниудтай засгийн газрын зуучлалын гэрээний дагуу Оросын бензин, дизель түлшийг импортоор оруулсаар байна. Гэвч Төв Азийн хамгийн олон хүн амтай Орос улсаас хэт хамааралтай байгаагаас болгоомжилж, Төв Азийн хамгийн том экспортлогч Казахстан, Туркменистанаас шатахууны импортоо нэмэгдүүлсэн. Узбекистан газрын тосны асар их нөөцтэй ч олборлолтоо нэмэгдүүлэх дэд бүтэцгүй. 2024 онд тус улсын олборлолт өдөрт ердөө 63,000 баррель байв. Ташкент хуучирсан эрчим хүчний дэд бүтцээ шинэчлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар газрын тосны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Казахстан бие даах чадвартай
Казахстан нь олон хөршөөсөө ялгаатай нь эрчим хүчний нөөцөөрөө өөрийгөө хангадаг. Тус улс эрчим хүчний асар их нөөцтэй, газрын тосоо боловсруулах технологитой.
Астана тавдугаар сард газрын тосны бүтээгдэхүүний экспортод зургаан сарын хориг тавьж, хил дамнасан шатахууны хууль бус наймааг таслан зогсоосон.
Энэ алхам нь Казахстанд хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Хязгаарлалтын хугацаа арваннэгдүгээр сард дуусах ёстой. Казахстаны Засгийн газар 2040 он гэхэд Төв Азийн орнууд болон Хятад, Энэтхэг рүү шатахууны экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдээд буй билээ.
Туркменистан харьцангуй тогтвортой байна
Туркменистаны газрын тос, байгалийн хийн асар их нөөц, түүнчлэн Засгийн газраас олборлолтод хатуу хяналт тавьдаг нь тус улсын дотоодын зах зээлийг харьцангуй тогтвортой байлгаж байна.
"Туркменистан бол бүх төрлийн эрчим хүчний нөөцийн илүүдэлтэй бүс нутгийн цорын ганц орон" гэж эдийн засагч Марат Мусуралиев ярьжээ. Энэ сарын 3-нд тус улс 2025 оны эхний есөн сарын хугацаанд бензин, дизель түлшний үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө хэтрүүлсэн тухай мэдээлэл байна.
Туркменистан өдөрт 275 мянган баррель түүхий тос, шингэн түлш үйлдвэрлэдэг.
Хөрш зэргэлдээ Казахстаны нэгэн адил тус улс эрчим хүчний ландшафтын өөрчлөлтийн үр шимийг хүртэж, бүс нутгийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүнийг илүү экспортлох болсон.
https://finance.yahoo.com/news/russia-fuel-shortages-ripple-across-160000914.html
Сэтгэгдэл үлдээх