УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд төрөөс зарласан тендерүүдийг хамж байгаа тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд удаа дараа нийтэлж, “Адмон” компанийн захирал Р.Энхбат хүртэл “шүгэл үлээгээд” буй билээ.
Харин үүний хариуд Б.Батцэцэг өгсөн ярилцлагадаа “Би сайд болсноосоо хойш есөн жил компани дээрээ очоогүй. Миний бие 2016 оноос хойш нэг ч төрийн байгууллага руу “Манай компанид туслаач” гэж хандаж үзээгүй. “Мөнхийн үсэг” -ийн хувьд тэртэй тэргүй хэвлэлийн чанарыг Монголд таниулсан компани.
Тэр утгаараа тендер авсан биз. Би “Мөнхийн үсэг” гэх мэт компаниудынхаа авсан тендерт нөлөөлөөгүй. Манай компани дээр очоод тодруулж болно” хэмээсэн. Мэдээж Б.Батцэцэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн удирдлага, ажилтнууд нь “Манай эзэн төрд гараад бид олон тендерт шалгарч байгаа нь үнэн” гэж хэлээд сууж байх вэ дээ. Тэгж хэлж зүрхэлбэл тэр даруйдаа хоолноосоо салж, суудлаасаа хөөгдөх нь тодорхой.
Харин түүний хамаарал бүхий “Мөнхийн үсэг”, “Монголын үнэт цаас хэвлэл”, “Азхур” зэрэг компани нь 2014 оноос хойш улсын төсвийн хөрөнгөөр зарласан 70 гаруй тендерийг хамж, эзнийгээ төрөөс төрсөн тэрбумтны тоонд оруулсныг олон баримтууд гэрчилнэ. Жишээ нь “Адмон”-ы Р.Энхбат “Ганц сайдын компанийн хэвлэлийн бүх том тендерийг хамж байгаа нь үнэн. Сонгуулийн саналын хуудасны хэвлэлийг гэхэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдлийн компани бүхэлд нь авчихсан. Бараг тэдний хувийн мэдлийн ажил болж хувирсан. 2016 оноос хойших сонгуулиудын саналын хуудсыг хэвлэж байна” хэмээн ярилцлагадаа онцолсон.
Түүгээр ч зогсохгүй 2016 оны УИХ-ын сонгуулийн санал тоолох хайрцагны нийлүүлэгчийн тендерт оролцон ганцаараа шалгарч байжээ. Уг нь өөр хэвлэлийн газруудад хэвлэж байсан саналын хуудас, хайрцаг гэх мэтийг булаан авсан гэх хардлага хэвлэлийн үйлдвэрлэл эрхлэгч цөөнгүй аж ахуйн нэгжийнхэнд байдаг.
2015-2016 оны үед Сангийн сайдын зөвлөх, Гадаад харилцааны дэд сайд болсон Б.Батцэцэгийн хамаарал бүхий компаниуд сонгуулийн саналын хуудсаар тогтохгүй архи, тамхины онцгой албан татварын тэмдэгийг 2010 оноос хойш хэвлэж байгаа. Хамгийн багадаа 60 гаруй сая төгрөгийн өртөгтэй ийм тэмдэгтийг ганцхан жилд хэвлэдэг бөгөөд өмнө нь өөр аж ахуйн нэгж хэвлэлийн эрхийг нь эзэмшиж байсныг аваад, өдгөө цор ганц давуу эрхээр хэвлэх болсон гэдгийг салбарынхан нь ярьцгаадаг. Б.Батцэцэгийн хамаарал бүхий “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК гэхэд “Ковид”-ын үеийн нүүрс тээврийн “С” зөвшөөрөл буюу Автотээврийн үндэсний төвөөс 2021 онд зарласан улс хоорондын зөвшөөрлийн бичгийн 33 сая төгрөгийн өртөгтэй тендерийг авсан.
“Мөнхийн үсэг” ХХК нь зөвхөн энэ онд л гэхэд “Чингис хаан” үндэсний музейгээс зарласан, 150 сая төгрөгийн үнийн дүнтэй танилцуулга, ном, тараах материал хэвлэх тендер зэрэгт шалгарсан байсан. 2024 онд Монголбанк, МУИС, Төрийн банкны тендерээс гадна Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газраас зарласан угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх тараах материал хэвлүүлэх 200 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг авсан байдаг.
“Азхур” ХХК нь 2025 онд Зээлийн батлан даалтын сангийн 157 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2024 онд “Амгалан” амаржих газарт 22 сая төгрөгийн бичгийн цаас нийлүүлэх тендерт шалгарсан гэдэг.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэдхэн хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа “
“Намайг Ерөнхийлөгчөөс салдаггүй гэж шүүмжилсэн байна лээ. Ерөнхийлөгч бол Монгол Улсын тэргүүн дипломатч. Тийм учраас Гадаад харилцааны сайд заавал дагалдаж явах ёстой. Намайг Гадаад хэргийн сайдаар ажилласнаас хойш гадаад харилцаа идэвхжээд, олон айлчлал хийгээд эхлэхээр хүмүүс анзаарч байх шиг байна. Өмнөх сайд нарын үед хэн нь хэнтэй явдгийг ч анзаарч сонирхдоггүй, мэддэггүй байж л дээ. Ер нь хэзээ нэгэн цагт төр нийгмийн зүтгэлтэн биднийг ганцхан түүх, цаг хугацаа л шүүж, дүн тавина” гэжээ.
Үүнээс нь дүгнэхэд Б.Батцэцэг сайд нөлөө бүхий хүмүүсийн нөмөр доор ихэд ваакуумжсан гэлтэй. Үнэн хэрэгтээ гадаад харилцаа ихэд доройтож, монголчууд хамгийн ихээр ажиллахаар очдог БНСУ гэхэд хил дээрээсээ буцааж байгаа шүү дээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Сэтгэгдэл үлдээх