Өмнөд Солонгосын Накдонг голын аллагын хэрэгт буруутгагдан, 21 жилийн турш хоригдсон хоёр эрэгтэйг Пусан хотын дээд шүүх өнгөрөгч пүрэв гарагт цагаатгажээ.
60 настай Чой Ин Чеол болон 63 настай Жанг Дун-ик нарын хүсэлтийн дагуу шүүхээс хэргийг дахин хэлэлцэж, тухайн үеийн цагдаа нар тэднийг эрүүдэн шүүж, хэргийн гэм бурууг албадан хүлээлгэсэн гэх үндэслэлээр тус хоёр эрэгтэйг гэм буруугүйд тооцсон байна.
Шүүхийн шийдвэрт "Цагдаа нар баривчлах тогтоолгүйгээр сэжигтнүүдийг хууль бусаар баривчилснаас гадна мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэн болохыг хохирогчид болон тухайн үед тэдэнтэй хамт хоригдож байсан хүмүүсийн мэдүүлгүүд нийцэж байгаагаас дүгнэж болно" хэмээн тэмдэглэжээ. Хэлмэгдсэн хоёр эрэгтэйг дээрэм, аллагын хэргээс цагаатгасныхаа дараа даргалагч шүүгч Квак Бёнг Су "Эрүүдэн шүүж, хүчирхийллийн аргаар олж авсан мэдүүлэг бол нотлох баримт биш" хэмээн онцолсон байна.
Накдонг голын аллага нь 1990 оны нэгдүгээр сард гарсан бөгөөд үл таних хүмүүс нэгэн хосыг барьцаалжээ. Эмэгтэй нь бэлгийн хүчирхийлэлд өртөж, амиа алдсан бол эрэгтэй нь шархадсан байна. Цагдаа нар тус хэргээс нэг жил 10 сарын дараа Чой, Жанг нарыг сэжигтнээр татсан аж. Тэдэнд бүх насаар нь хорих ял оноосон боловч тэд 21 жил ял эдэлснийхээ дараа 2013 онд тэнсэнгээр суллагдсан юм.
Чой, Жанг нар анхны мөрдөн байцаалтаас хойш тэднийг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэдгийг мэдэгдсээр ирсэн хэдий ч тэдний нэхэмжлэлийг 2019 оны дөрөвдүгээр сар хүртэл авч үзээгүй байна.
Сэтгэгдэл үлдээх