Мьянмар улсын цэргийн эрх баригчид төрийн эргэлт хийснээс хойш сонгуульд ялалт байгуулсан Ардчиллын төлөө Үндэсний лиг намын дарга Аун Сан Су Чи баригдсан ч дэмжигчдэдээ хандан эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнийг уриалсан. Өнгөрсөн амралтын өдрүүдээс Янгон, Мандалай, нийслэл Нейпьидо зэрэг 10 орчим хотод иргэдийн жагсаал өргөн хүрээг хамарч эхэлсэн.
Тэгвэл цэргийн эрх мэдэлтнүүд Янгон, Мандалай хотуудад олон нийтийн цугларалтыг хууль бус гэж үзэн хорьж, орой 20 цагаас өглөө 04 цаг хүртэл хөл хорио тогтоолоо. Мөн эдгээр хотуудаас гадна бусад томоохон байршилд таваас дээш хүн цуглахыг албан ёсоор хорьсон байна.
Цэргийн удирдагчид энэ шийдвэрээ даваа гарагийн шөнө гаргасан бөгөөд дараагийн шийдвэрийг танилцуулах хүртэл хүчинтэй гэдгийг анхааруулжээ. Өрнөдийн эх сурвалжуудад мэдээлж байгаагаар жагсаал цуглааныг тайван замаар хийсэн ч нийслэл Нейпьидо хотод цагдаа нар жагсаалыг тараахаар хүч хэрэглэн даралтат усаар шүршсэн байна.
Түүнчлэн төрийн эргэлт хийж, эрх мэдлийг гартаа авсан генерал Мин Аун Лайн даваа гарагт анх удаа телевизээр дамжуулан мэдэгдэл хийсэн. Тэрээр дахин сонгууль явуулахаа мэдэгдсэн боловч хэзээ явуулах эсэхээ хэлээгүй байна. Одоогоор цэргийн эрх мэдэлтнүүд жилийн хугацаанд онц байдал зарлаад байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх