Украины Нийгмийн хөгжлийн төвийн улс төр, хууль эрх зүйн хөтөлбөрийн тэргүүн Игорь Рейтерович ОХУ-ын удирдагч Владимир Путин яагаад Монголд айлчилж буй талаар тайлбарлажээ.
Тэрбээр, “Монгол Улс нь Орос, Хятадын хооронд байрладаг бөгөөд өргөн уудам газар нутагтай боловч маш цөөхөн хүн амтай. Хачирхалтай нь бараг зэвсэгт хүчингүй. Энэ айлчлал нь олон улсын эрүүгийн шүүхээс (ОУЭШ) гаргасан шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэдгийг харуулах зорилготой юм. Хэрэв Монгол түүнийг баривчлахыг оролдвол энэ нь Орос, Монголын хооронд бараг дайн дэгдэхэд хүргэнэ. Түүнчлэн Путинийг баривчлаад Гааг руу шилжүүлэх хөрөнгө Монголд байхгүй” гэжээ.
Улс төр судлаач “Путин хэд хэдэн зүйлийг нэгэн зэрэг биелүүлэхийг хичээж байна. Нэгдүгээрт, тэрбээр Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг үл тоож, жишиг тогтоохыг хүсэж байна. Хоёрдугаарт, тэрбээр өөрийн дотоод имижийг өсгөхийг зорьж, онолын хувьд өөрийг нь баривчлах ёстой улс орнуудад хүртэл айлчилж буйгаа харуулахыг хичээж байна. Гуравдугаарт, энэхүү аялал нь Курскийн бүс нутгийн асуудлаас анхаарлыг өөр тийш нь хандуулж, төрийн тэргүүний үүргээ идэвхтэй биелүүлж, аялж, дипломат үйл ажиллагаа явуулж байгааг харуулах зорилготой юм. Гэсэн хэдий ч Монгол Улс ОУЭШ-ийн тушаалыг хэрэгжүүлж чадахгүй байгаа нь Путинд түүний хүсэн хүлээж буй үр өгөөжийг өгөхгүй. Монгол Улс ОУЭШ-ийн шийдвэрийг биелүүлэх боломжгүйү бүгд ойлгож байгаа. Путин Ромын дүрмийг соёрхон баталсан өөр улсад айлчлахгүй, учир нь тэнд нөхцөл байдал огт өөр байх байсан.
Тухайлбал, саяхан Армени улс уг дүрмийг батлахад Путин Арменд айлчлах тухай яриаг үгүйсгэсэн” гэж Рейтерович ярьжээ.